Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Thursday, August 11, 2011

Намар ба хайрын шүлэг



Нэгэнт зуны жавхлант сарууд улиран одоод намар цаг алгуураар нөмрөн ирлээ дээ. Ээлжлэн зохирох ертөнцийн амраг улиралуудын явдал хүний сэтгэлийг ямагт хөндөн гэгэлзүүлж өөр өөрийн ая дангаа үлдээдэг юуны учир билээ дээ?

Цацаглан сугсрах ногоон хиаг сэрүүн хонгор салхинаа
Цалгилан үелзэх нэлэнхүй хөдөлгөөнөөр далайн давалгааг дүрслээд
Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж
Царцаахайн час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна.
Туниаран харагдагч агаараас алтан гэрэл гялбалзаад
Тунгалаг дэлхийн хувилангуй өнгийг ташуу туяагаар гийгүүлнэ
Туялзан сэнгэнэх сэрүүн урсгал ертөнцийн гаднахыг илбэж
Догшрон донгодох харийн шувууд харихын дууг сонсгоно.
Байгалийн улирлаар хөлжин цогцолсон гоёмсог цэцгийн дэлбээ
Балын шимийг салхинаа хийсгэж шарланги өнгөөр хувилаад
Баясгалант зуны яруу улирал алгуураар урсан өнгөрч
Балчигт намрын нэвтэрмэл усан хагшран шүүрч хөрслөнө.
Цаваглан хөхөрсөн сэмжин үүл мөнгөн хөшиг татахуйяа
Цаламгүй алдсан цэнгэлт зуныг түүний доогуур саравчилна
Цайзлан өнгийх хад уул хувхайрсан мэт харагдан
Цавчих нүдний алс үзүүрт хуурмаг зэрэглээ жирвэлзэнэ...
хэмээн Монгол яруу найргийн гоц нэгэн төлөөлөгч Гомбын Сэр-Од  тэртээ 1937 онд шүлэглэн үлдээжээ бидэнд. Энэ шүлэг Намар нэртэй. Цэл залуугаараа бурхны оронд одсон эл билэгт найрагчийн нэрэмжит шагналыг ирээдүйтэй залуу яруу найрагчдад олгодог уламжлалтай болсон нь ч аргагүй юм. Ер нь манай яруу найргийн сод туурвилуудад яах аргагүй намар цагийн тухай дүрслэгдээд  тэр нь ч сонгодог утгыг үүсгэж үе үеийн уншигч хүмүүний сэтгэлийг соронзон адил татсаар байх талтай олон бодит үзэгдлүүд бий л дээ. Лавтайяа мөнгөн үеийн яруу найргийн шилдэг төлөөлөгчид болох яруу найрагч, СГЗ Г.Аюурзана, яруу найрагч Л. Өлзийтөгс нарын хамтын сонголтоор түүвэрлэгдсэн Монголын сонгомол яруу найраг хэмээх эмхэтгэлд намрын тунамал аястай сонин сайхан шүлгүүд нэжгээд элбэг тохиолддог. Тухайлбал Сайхан хүмүүн нэртэй гайхалтай яруу шүлгийг бичгийн сод хүн Ванчинбалын Гүлранс бичсэн нь:
Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт
Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил,
Үсийн хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад
Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй... гэжээ.
Энэ шүлгийг сайтар ойлгохийг хичээвэл уншигч хүмүүн шүлэгчийн мэдэрч бичсэнчлэн Есөн намар-ын ая данг мэдэрч тунгаах хэрэгтэй болох жишээтэй...
Зун би бээр нэгэн бичвэртээ Арын сайхан хангайн яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн тун гоё шүлгийг намар болохоор та нартаа сонирхуулна гэж хэлсэн амандаа хүрч  одоо бүрнээр нь толилуулж буйдаа нэн баяртай байна.
***
Намрын дунд сар нам гүм өдөр
Навч хөвүүлж замаг зулсан хөх ус,
Намхан гэртээ мэхээр үслэх ээжий,
Наадамд сойдог нимгэн хээр үрээ,
Нааш гэх бүхнээн орхиж замд гарсан би.
Өндрөөс өндөр тэнгэр бас л дуугүй,
Өргөн зам уулсыг ороож одно.
Өвгөдийн чулуу тэртээ энгэрт бөртийж
Өнөө явчих миний нулимсан дунд торолзоно.
Өөрийн гэх бүхнээ орхиж замд гарсан би.
Ханхраас ханхар уулс чимээгүй дүнсгэр,
Хачин өргөн зам бүслэн бас гоёх болж.
Хажууд часхийх царцаа ч үгүй өдөр
Хаа холоос машины дуу горилж
Хайртай бүхнээ орхиж замд гарсан би.
Халуухан дурсамж, хаваржаа намаржаа,
Хамаг бүхнээ орхиж замд гарсан би.
Хамаг бүхнээ орхиж замд гарсаан.
Хамаг бүхнээ тэнд орхисон юм чинь
Хаанаас одоо юугаа олно доо?

Тун тунгалаг өгөгдэхүүн найрсалтай энэ шүлэг, яруу найрагт хайртайн хувьд надад хамгийн эрхэм шүлгүүдийн нэг билээ. Миний мэдэрч буйгаар энэ шүлэг бичигдсэн хэлбэр байдал, дүр дүрслэл, адилтгал зүйрлэл гэхээсээ илт илүүтэйгээр гүн утга санаа, далд гоо зүйн мэдрэмжийн хувьд нэн хэтийдсэн содон бүтээл шиг  санагдаад байдаг юм.
Жил жилийн намар шүлэгч миний сэтгэхүйг бас л нэлээдгүй  хөвсөлзүүлэн олон зүгийн дүр байдлаа зурж өгдөг юм.
Өнөөх сэтгэлийн бороо шиврэхгүй
Энэ намар яасан урт юм бэ?
Өргөн хөндийн цаахантай
Яг зунаараа байгаа даа...
гэж 2005 оны намар цаг өөрийн амьсгалаар сэтгэлд минь бууж үлдээд номын хавтасаа би энэ шүлгээрээ чимсэн билээ. Намар мэт гэгэлгэн урт орон зайнаас үл хамааран тэрүүхэнд зун мэт хүсэмжит цаг хугацаа бийг олж харах гэсэн хүсэл мөрөөдлийн минь ундрага өөдрөгхөн санаархалтай ч энэ шүлэг хамаатай билээ.
Намраар
Үзэгдэх хөх тэнгэр
Үнэнч бус шинжтэй
Үүрэглэх шар нар
Үл мэдэг хүрээтэй,
Намар болоод сэтгэлийн
Аль нь гунигтай юм бэ?
Надад цэг мэт харагдах
Тэр шувуу юу?
Тэнгэр цоолоод орвол
Тэнд хавар байгаа даа
Буцах шувуудын далавч
Бийрлэн дүрслээд одов.
Энэ ч бас өөр нэг намар бичигдсэн шүлэг. 2006 оны намар шиг санагдана.
Намрын хонгор өдрүүдэд найрагч ах нарын бичсэн сайн бүтээлийг та бүхэндээ танилцуулахын хамт бас чиг шүлэг найрагт шимтэн сонирхож буй залуу нөхөддөө зориулан өөрийн бичсэн болон бас дуртай манай нэртэй яруу найрагчдын хайрын сэдэвтэй зарим шүлгийг хүргэж байна. Энэ ч бас залуу нөхдийн маань эрэлт, хүсэлт билээ.
Намар
Намраа гэж намар юм.
Тэр бүсгүйн сэтгэл шиг өвс шаргалтаад
Тэр бүсгүйн үгс шиг навчис хийсээд
Тэр бүсгүйн бодол шиг бороо  ороод
Тэр бүсгүйн болзоо шиг өвөл болохгүй
Намраа гэж тэр бүсгүй шиг намар юм.

***
Сэтгэлийн орон зайд чиний тухай дэлгэрсэн
Сайхан бодлуудыг
Сэрээж амжилгүй бөхөөчих болов уу яадаг бол бүсгүй минь
Сэргэлэн залуу насны шуугиант өдрүүдээс хойш
Сэрүүхэн дурлалын амтаас хэзээ ингэтлээ төсөөрвөө
Хуучирч гомдсон сар жилүүдийн цаанаас өндөлзөх
Хувийн нууцхан эрх чөлөөт дурлал минь
Хайр эсвэл хар болж чадаагүй
Хамгийн энхрий бүсгүйд өгсөн сэтгэл минь
Хаана гээгдээд одоо ингэтлээ бодогдов оо?
Эргэлзээгүй чи гоо бүсгүй юм, гоё хүүхэн юм
Эрт эдүгээгийн дурсамж амилуулсан сонин согоо юм
Чиний тухай би хэнээс ч юу ч сонсохгүй
Чихэнд чинь хайрын тухай шивнэж бас чадахгүй
Гэхдээ надад бардам нэгэн хүсэл байна.
Хээн... хоёулаа сар луу хамт явах уу?
            ***
Бүдгэрэн тодрогч он жилүүдийг бэлэглэмээр
Бүсгүй чи, шүлгэнд минь тавтай морил,
Хайрын нүдтэй дэвүүр сормосоо өргөөч
Харах бүрт чинь шүлгэнд минь шад нэмэгдээсэй.
Ийм сайхан харцыг шүлэг болгож үзье
Ийм сайхан харцыг дуу болгож үзье
Ийм сайхан харцыг зүрхэндээ тогтоож аваад
Тийм сайхан он жилүүдийг үдэхсэн...
Жаалхан бүсгүй маш сайхан харцтай
Жаргал дандаа тогтмоор гүн тунгалагхан
Жаалхан бүсгүй, бүсгүй гэнэн аальтай
Жавартай өдөр гэнэт наран тусах адил...
Тодрон бүдгэрэх он жилүүдийг надад өгмөөр
Тунгалаг нүдэн минь чи сэтгэлд минь тавтай морил
Үзэсгэлэн гоо сайхан бүхнийг чинь бодоод
Үнэн амьдрал, үлгэр домгийг түр хойш нь тавъя...

Хан Хэнтийн яруу найрагч Төрийн соёрхолт Нямбуугийн Нямдоржийн ихэд алдаршсан хоёр шүлгийг танд хүргэе. Эдгээр шүлгүүд нь Монголын уудам нутагт нэгэн үеийн залуусын сэтгэл зүрхийг эзэмдэж, дурсгалын дэвтрээс дурсгалын дэвтэрт бичигдэн гэрэлтсээр байдаг байсан нь саяхан мэт санагдана. Мөн хайрын сонгомол шүлэг болохынхоо хувьд яруу найрагчийн бидэнд үлдээсэн үнэт өв юм.
                ***
Онцын хөөрхөн хүүхэн гэдэг
Зүрхний их хулгайч юм
Олон эрсийг шаналгах
Сэтгэлийн тулааны талбар юм.
Энгүй сайхан түүнд
Зуун зүрх тэмүүлж
Эцэс хойно нь болоход
Ерэн ес нь шархална.

                ***
Нүдний чинь сайханд нэгэн үе согтож
Нүсэр их мөрөөдлийн охийг түр дарнам.
Уруулын чинь сайханд нэгэн үе согтож
Уйтай хүнд сэтгэлийн гунигийг түр мартнам
Амьсгалын чинь сайханд нэгэн үе согтож
Ариун энэ орчлонд амь орох шиг болном.

Хайрын тухай манай найрагчдын туурвисан олон олон гайхалтай шүлгүүд бий. Танил анд  сэтгүүлч бүсгүй О. Мөнхнарангийн түүвэрлэсэн  Хайрын шүлгүүд нэртэй нэгэн эмхэтгэл энэ онд гарсан байна лээ. Тэр ном манай яруу найрагчдын төдийгүй дэлхийн олон алдартай зохиолчдын хайрын шүлгүүдээс бүрдсэн байсан. Цаашид ч бас үргэлжлэн гарах юм гэсэн, та сонирхон уншаарай л даа...

munkhnaran.blogspot.com
 

Бичсэн огноо - 2009/09/16