Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Wednesday, March 21, 2012

Уулаа санахуй


"Уулаа санахуй"
                              Хайрт аавдаа

Хас сарны өлмийд уулын шуурга исгэрнэ
Хангир жингир оддын аялгуу хаялна
Хамаг амьтан үүр гэрээ зорино
Харин би уулаа л тэмцэнэ
Элс цасны суу урагдана
Энгэр газрын хөрс халцрана
Эртний хөх хадад эмтрэнэ
Энэ үед би уулаа л сэтгэнэ
Гол ус улмаар царцана
Гоо үзэмж бас тодорно
Гэгээ орон зайд шургана
Гэвч би уулаа л зурна
Алтай дайдын шил хагарна
Арван гурван чоно улина
Агаар тэнгэр газар нөмөрнө
Азарга адуун гуурс тачигнана
Долоон бурхан гэрэлтэнэ
Дон хийх чимээ товшуурдана
Аюум үзэмж тусна
Алсын аялгуу цуурдана
Харгай яргай харшина
Харлаг тэх цуцна
Хад ангалаг харанхуйлна
Хавирга сүврэгэ нэвтэрнэ
Ян чимээ ягхийнэ
Ягаан улирс бөмбийнэ
Яварын чулууд бөмбөрнө
Ямарваа санааг санана
Хул өвс чичирнэ
Хувь заяагаа өөрөө олно
Хурдан цагаан морь үүрсэнэ
Хувилгаан хүн зүүдлэнэ
Үүрийн зулай нимгэрнэ
Үйлийн үр зузаарна
Үл мартахуйн агшин ирнэ
Үнэндээ би уулаа л санана
Агсам салхин амгай татна
Ажин түжин нөмрөнө
Амьтан хүн гэрээсээ гарна
Аанай л би уулаан бодно
Халил уул зүрхэнд минь бий
Халгиа голууд нь судсанд минь бий
Хан тэнгэрийн одод мөрөн дээр гялалзаж
Хас саран охин өвөр дээр минь тоглодог
Тэргүүнд минь тэнгэр ойрхон
Тэвэрхэд минь уул ойрхон
Гарын минь алганд улаан наран тусаж
Газар тээр доор жирвэлзэн байдаг аа...
Бороо орохуй мөндөр болдог
Бодлоо нэхэхүй шүлэг болдог
Бор толгод нь хайрханы бараатай
Би уулын хүн шувуу...
Жижиг шувуу нь жилийн газар жиргэдэг
Жинхэнэ уул гэдэг тэнгэрийн багана мөн
Уулсын төгс төгөлдөр гоо үзэсгэлэн
Уйдашгүй амраг минь мөн өө...
Тэнгэрийн өлмийг тасар татан шуурна
Тэнд миний ууланд
Тийм саран дөрвөн мөнхөд гийгүүлнэ
Энд миний зүрхэнд...
Үс зүс минь цагийн цаад руу одоход
Үнэндээ би уул болох болно
Үрээ үсэргэсэн хөвүүн миний бэлд
Үг холбож шүлэг бичих болно оо...

    2012/01/11

Tuesday, March 20, 2012

Баруун зүгийн бадагс


"Баруун зүгийн бадагс"

Баруун зүг миний уйтгар гуниг
Байн байн цахих уулс хонхны хэл
Хавар зундаа дуулагч далан хэлэн болжмор
Хаан ууландаа сүслэгч миний бодь сэтгэл
Баруун зүг миний зол баяр
Байж ядан санагалзах мөнгөн соронз
Орчлонгоор дүүлэн нисэх сэтгэлийн минь жигүүр
Одоогоос зуун зуунд амьдрах миний хүсэл
Баруун зүг миний тайтгарал
Бат суудал халуун зүрхний минь цохилт
Бадаг шүлэг хэлхэх үүрдийн эрх чөлөө
Баян Алтайгаа дуудах мөнхийн хувь тавилан
Баруун зүг миний аялгуу
Бага нас тэнгэрийн нөр дуулал
Би байх байхгүйн тухай шударга асуудал
Бичсэн жаргалын минь биелэлийн шалтгаан
Баруун зүг миний зүрхэн зүг
Баруун зүг миний зүүдэн зүг
Баруун зүг Зүүнгарын хааны нутаг
Бас миний төрсөн нутаг...

Гоо зүйн хур тунадас


"Гоо зүйн хур тунадас"
                                 Найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар-т

Тэнгэр болбоос уулсын гүн уйдах газар
Тэргүүн сарны дэргэд цөөхөн найрагч шүлэг хэлхдэг
Тэрс уянга оршихуйн үүтгэл шалтгаан
Тэмцэл ялалт зөн билгийн сэрээгч чанар
Уулс болбоос тэнгэрийн саатах газар
Умардын салхинаа ойрхон хэдхэн найрагч шүлэг хэлдэг
Утга намуун болоод мөнхийн хийсвэр хөдөлгөөнт
Уйдашгүй гэрэлтэх нь хат сэтгэлийн явдал
Сар болбоос салхин эрчисийн цуглаан
Сая жилүүдийн гуниг уйтгарын товчоон
Сац суварга мэт оюун билгийн мэлмий
Сайн муу адил чанарт хэлбэр
Салхи болбоос уулсын хоорондын хөгжим
Сайхан сэмбэрүү цэцгийг илбэх гарын хуруу
Сатааран суухуй дор сонор лүгээ гижигдэгч
Самууран тайтгарах намуун гоо үелзлэл
Хөгжим болбоос гариг хоорондын шуугиан
Хөөрлийн шүлэг авиа зүйн мэдрэмж
Хөгшин хорвоо хуучин ертөнц гэж үгүй
Хөмүүл үндэслэгч уул хаврын нэт униар
Шуугиан үймээн таригч цөөхөн яруу найрагч
Цуглаж суугаад мэтгэх нь дорнын сарны дарс болой
Цуутай хурдан хүлэг тэнгэр ярган давхих
Шинэ үзэгдэл гоо зүйн хур тунадас болой...
        2012/02