Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Wednesday, February 27, 2013

Түмэн хандалт

Өнөөдөр 2013 оны 2 сарын 27-ны өдөр

Хаа сайгүй хаврын үнэр түгэн дэлгэрч агужим Монгол оронд хавар ирж байна. Хавар ирэхүй нүцгэн модод эгшиглэн гэрэлтэх мөчүүдээ...
Үлэмж янагших хавар цаг...хэмээн Болор цомын эзэн эрхэм найрагч Жа.Баяраа ах нэгэнтээ дуу алдан бичсэн байдаг. Хаврын энэ л сайхан цагаар миний блог руу зочилон алжаал юугаан тайлж шүлэг найраг шимтэн сонирхогчдийн хандалт нэгэн түмээс илүү гарлаа.
2011 оны 3-р  сарын 22-ны хаврын нэгэн гэрэлт өдөр энэхүү блогийг анх нээж байсан сан... Цаг хугацаа урсан одох бүрийд л цаглашгүй гэрэлтэх нь хүмүүний зүрх сэтгэл байдаг билээ. Зүрхнээс гарч тархи луу одох заяатай шүлгэн эрхээ би урласаар л байх болно. 
Миний блогт тухлан саатдаг уншигч таньд гүнээ талархаж байна.
Таны таалал оюунд нийцэх болтугай. Гэгээн сайхан саруул гоо бүхнийг танд хүсье
 

"Болор цом"-д М.Отгонбаяр амжилттай оролцлоо (2013/01/11)


Yзэгчдийн хvсэн хvлээдэг "Болор цом" яруу найргийн наадам 30 дахь удаагаа болж єндєрлєлєє. Yгийн уран, сэтгэхvйн яруу гайхамшигаараа vзэгчдийг байлдан дагуулдаг Болор цом наадамд 300 гаруй яруу найрагч шилдэг шvлгээрээ єрсєлдсєн юм. Миний бие уг наадамд амжилттай оролцож, шилдэг 15-д шалгарсан билээ. Энэ жилийн "Болор цом"-ын эзэн яруу найрагчаар Норовын Гантулга тодорсон.

Шүлгээрээ онгодыг тань ...

Шүлгээрээ онгодыг тань ... (2009/12/31)


Б. Галсансүхийн бараг бүх номнууд надад бий. Тэр номнуудын нэгээхэн хуудсанд ёс мэт � Шүлгээрээ онгодыг тань урья � гэсэн үг бичигдсэн байдаг юм. Энэ үгийн хүч чадал номонд нь шингэсэн байхаа гэж бодогддог. Манай Галсансүх яруу найрагчийн хувьд онгод ихтэй авьяаслаг яруу найрагч мөн болохын сацуу  гоц цайлган зантай бас эрхэмсэг нэгэн. Түүний Монгол яруу найрагт хийсэн шинэчлэлийн үрийг хэн ч хэзээ ч үгүйсгэж чадахгүй тийм боломж ч бас үгүй юм. Магадгүй тэр үе үеийн Монгол яруу шүлэгчдийн хамгийн содон төлөөлөгч байх аа даа. Найрагчийн нэрийн хуудас болсон � Үнээдэй нутаг дахь хавар цагийн импрессионист аялгуу�  хэмээх бүлэг шүлэг нь  гойд алдаршсан билээ.
Түүнтэй уулзах болгонд дандаа л Уран бүтээл юу болж байна? За номоо гаргах болсон уу? Ивээн тэтгэгч олсон уу? гэх мэт тийм нэг эевэрвүү нөхөрсөг асуултаар хэсэг бөмбөгдөөд тэгж явж ажил амжуулах шаардлагатай боллоо,  ингэж ажил амжуулваас зохилтой юм гэх зэргээр ар араасаа угсруулан  ярьж өгөөд тийм тийм ажил амжуулав, тийм тийм ажил амжуулахгүй бол болохгүй нь гээд салхи татуулан одно. Ер нь дандаа л салхитай явах бүлгээ. Харин түүний шүлгүүд эзнээсээ ч илүү салхи татуулан онгодыг бадраан сэтгэлийг ер бусаар долгилуулах авай. Ямартаа ч түүнийг манай уншигчид хийгээд яруу найрагчид Монголын яруу найраг дах модернист урсгалыг командлагч хэмээн зүй ёсоор үнэлж түүнээс гарах элдэв сонин ааш аяг ба шүлгүүдийг сонирхон харж хүлээсээр байдаг юм даа.
Галсансүх бол Монголын яруу найргийн шинэ үеийн нэгэн туг юм. Энэ туг үргэлж бусдаасаа тод байсан, энэ туг үргэлж бусдыгаа сэрээгч нь байсан. Бид Галсансүхээр бахархдаг... Тэр бол жинхэнэ яруу найрагч хэмээн 90-ээд оны яруу найрагчдын шилдэг төлөөлөгч Өлзийтөгс омог бардамхан хэлсэн буй.
 ҮЗЭСГЭЛЭНТ ОХИНД ЗОРИУЛСАН ШҮЛГЭЭС 
Үзэсгэлэнт охин. Болор жүнз. Торгон сар.
Үдэш үзэх гэрэл зургийн цомог.
Дурласан шүлэгч. Болор жүнз. Торгон сар.
Дуу авианаас хурдан янагийн толинд тусах дүр.
Үзэсгэлэнт охин. Болор жүнз. Торгон сар.
Үгүй бол шүлэгчийн амьдрал уйтгартай.
Гашуудлын мэдээ. Сэтгэл булаам хөрөг
Гунигтай �зуурдаар� гэсэн үг
Сонины хуудаснаа �зарлал� шиг хэвлэгдвэл
Сайхан охин, Болор жүнз. Торгон сарыг
Диваажингаас эсвэл тамаас
Дахиад авч ирэхээр яваад эзгүй байгаа хэрэг.
Үзэсгэлэнт охин. Болор жүнз. Торгон сар
Үдэш бүгд байсаар байхад гэж согтуу хүн уйлна.
Сайхан охин, Болор жүнз. Торгон сар.
Согтуу хүн ойлгохгүй. Намайг бас мэдэхгүй.
 
НҮДИЙГ МИНЬ НЭЭМҮҮ
Царцаахайн мөнгөн царгиа салхины алтан сэрчигнээтэй нийлээд
Цам харайх тогорууны бүжгэнд хүн байтугай хулгана хүртэл автаад
Нуурын дээрээс манан халамцан хөөрөхөд нугас ангир дуугараад
Нуугин шуугих нарсан ойн гоо үзэсгэлэн нүдийг минь нээмүү.
Дэнж нугыг дамжин багваахай цэцгийн цагаан тоос манараад
Дэлүүн болдогоос наашаа эрвээхэйн сүрэг солонго татуулан жуулчлаад
Далий ягаан цэцэгсийн дунд мансуурахад уушиг цээж цэлмээд
Тэнхэлэг горхины тунгалаг хүйтэн ус цагаан шүдийг хага ташаад
Тэргэл саран гурван нуурын мандалд гурав хувилаад  нүдийг минь нээмүү.
Моносон төгөл өврөө нээхэд цалин цагаан биенээс нь сайхан үнэр түгээд
Морьтой хүн Балжийн голоос наашаа шогшиход хуучин буриад дуу уйлаад
Баянбулагийнхаа усанд шумбан эрхлэхийг багацуул хүүхдүүд хүсэмжлээд
Битүү хусан ойн төгөл нүдэн нуур мэлтэлзээд нүдийг минь нээмүү.
Цант Ханы овоон дээр цас бударахад эмээгийн минь мөр тодроод
Цайрах Ононгийн гялгар мөсөн дор загас жараахай нь гилтгэнээд
Дүнзэн байшингийн пийшин дээр шимийн архины охь халаад
Дүлий ертөнцийг цочоосон удган эгчийн минь хэнгэрэгийн дэлдэлт нүдийг минь нээмүү.
ЧӨТГӨР БИД ХОЁР
Сархадын мухлагаас намайг чөтгөртэй сугадалцаж гарахад
Салхины эрчлээсэнд алтан хараацайс ийш тийш шидэгдмой
Хоосон гялгар уутнууд тэнгэрээр нэг нисэлдээд
Хонох газар хайж хажуугаар минь зөрөлдөж өнгөрмой
Урт шаргал нарыг шонгийн моднуудад мөчилж дүүжилснийг үзээд
Урин янаг хаврын хавирган сар сэм баясч худлаа санаа алдмой
Дарс уугаад дуулж байсан дууны ая чихэн дотроос гарахгүй
Даруй уурыг минь хүргэхэд өнөөх чөтгөрөөр чихээ ухуулмой
Гудамж, зам, Сүхийн талбайг гайхал салхиар шүүрдүүлээд  
Гурав, дөрөв, нэг, хоёроор хаврын бороо дуслахад чийг ханхалмой
Очих газраа хүртэл чөтгөрөөр сугадуулж явахад минь
Од эхнээсээ түгээд эхнэр, хүүхэд минь намайг  үгүйлмой
Айлын хонхыг өчнөөн дараад гайхшаа барахад
Архи дарстай торыг минь барьсан чөтгөр эвшээлгэмой
Үүд хаалгаа тогших уу? болих уу ? гээд гадаа тамхи татаж зогсоход
Үүлэн завсараар сар шагайгаад өнөөх чөтгөрийг дуудмой.
  * **
Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж
Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж
Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч
Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог
***
Шар айрагны
Хоосон лонх
Уйтгараар дүүрэн...
Саяхан даа энэ гэгэлгэн найрагч шүлгийн цомогоо гаргасан байна лээ. Түүний шүлгүүдийг сонирхон дурлаж байдаг хүмүүст ихээхэн сайхан хэрэг болсон нь дамжиггүй юм. Хуучин шүлгийн дэвтэрт минь нэгэн шүлэг буй.
2007 оны  03-р сарын 27 �ны өдрийн  хөхөмдөг үдэш  Улаанбаатарын 40 �н мянгатын нэгэн уушийн газар Нисванис рок хамтлагийн ахлагч Амгааг хүлээх зуураа Галсансүх бид хоёр хамтран тэрүүхэн хоромд энэ шүлгийг бичсэн юм. Шүлгийн эхний хэсгийг би бичээд түүнд тэмдэглэлийн дэвтэр, балаа дөхүүлэхэд  нөхөр үргэлжлүүлэн бичиж дуусгасан билээ. Танд сонин байж болох талтай юм л даа.Энэ шүлгийн нэрийг Галсансүх өгсөн сөн.
Б. Галсансүх, М. Отгонбаяр хоёр Л. Энх- Амгаланг хүлээж суухдаа...
Улаанбаатарын зарим гудамжинд
Улаан дэнлүү гялалзаад
Урд зүгийн салхи
Уур хүрмээр үнэртэхэд...
Танил биш үнэр уушиг зүрхийг давчдуулаад
Талаар нэг хийсэх чихрийн цаас
Цас шиг санагдаад
Цаад утгыг нь дарж тайвшруулна намайг...

Эрт цагаас эдүгээ хүртэл Найрагч ах нар минь найраг шүлгээ бичсээр ирсэн Монгол эх хэл минь тунгалаг ариун байх болтугай. Даяарчлагдан буй дэлхий ертөнцийн хүчирхэг соёлын түрэлтэд хэлмэгдэн буй хэл соёлоо хэн, хэн маань хамгаалах билээ дээ. Ямартаа ч Галсансүхийн нэгэн шүлэгт � Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ� гэсэн мөр байдаг юм....
***

Хүйтний эрч чивчирэн чангарч ертөнцийн гаднахыг хатуу ширүүн амьсгал илбэх лугаа Монголын үзэсгэлэнт дэлгэр нутаг жавартайхан, жавхлантайхан үзэгдэнэ.
Жавартай тэнгэрийн хаяа улаан
Жаргалтай хатны хацар улаан гэх өвгөдийн үг магад энэ цагт гарсан бололтой.
Өвлийн богино өдрийн годгор нар талын тэнгэрийн хаяанд жаргахаар уусан уусан шингэхийг ажваас бас нэгэн тун жаргаланг эдлэх болой. Наран доошлох бүр тэнгэрийн хаяа будангуйран ягаарсхийж, хэдий доошлох тусмаа улам ягааран энэ ертөнц нил ягаан өнгөнд хүрэх мэт... Харин нар тэнгэрийн тийшээ шурган одоход улаан гал бутрах адил  тийм нэг жавартай тэнгэрийн хаяа өөрөө бүрэлдэн буй болох ажээ. Жаварлаг тэр зүг рүү жад мэт хэдэн адуу тэнгэр хатган зогсох нь ерийн бус аа.
Монгол нутгийн минь гол ус шилбүүр ороолгох адил тачигнан чимээлж, жимбүүрийн аялгуу мэт жингэнэн хүйгэх салхин эрхэт дураар аялан чимх чимх цаг барах өвлийн улирал  аа гэж...

Хэд хоногийн өмнө яруу найрагч Л. Мягмарсүрэн ах � Хөх дарс�  нэртэй шүлгийн номоо надад бэлэглэсэн.
Шүлгийн энэ номны хамгийн эхний хуудаснуудад манай яруу найрагчдын шүлгийн мөр бадгууд  удиртгал дуулал маягаар бичигдсэн байна билээ. Эндээс нэгэн мөр шүлэг гоц сонирхол татсан нь их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн � Наранд шарагдсан Монгол хүн дэлхий дахинд дурсагдана� гэсэн мөр юм. Юутай гүн билиг, гэгээн ерөөл шингэсэн үг вэ.
Хамгийн хаан Чингис хийгээд Монголын баатарлаг хөвгүүд...
Олимпийн дэвжээ...
Оюуны ертөнц...
Ертөнцийн гүн ухаан...
Их бичгийн мэргэд...

Л. Мягмарсүрэн ахийн номонд нэгэн сайхан шүлэг байсан, олон жилийн өмнө бичигдсэн сайн бүтээл л дээ. Энэ шүлэгт:
Хаврын ногоо харагдахгүй ургадаг,
Харагдталаа ургадаг.
Хүний хүү үзэгдэхгүй өсдөг,
Үзэгдтэлээ өсдөг... гэсэн байдаг юм.