Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Wednesday, May 2, 2012

"Гоц улаан саран " Шинэ ном гарлаа

Шинэ шүлгийн түүвэр минь уншигч таны гар дээр ийнхүү очиж байна.
Хорвоо ертөнц уяран нялхамссан Монголын хаврын энэ л сайхан цаг дор хайртай хүмүүс та нартаа би ийнхүү сэтгэлийн бэлэг барьж буй билээ.  Таалан болгоож ажаамуу.
 Яруу найргийн эгшигт охин тэнгэр Янжинлхам бурхан та биднийг мөнхөд ивээх болтугай.

 ***
Халиун цавьдар үрээ хатирч явах мэт хээр талд
Халуун наран төөнөвч салхин хаанаас үлээнэ вэ
Эзгүй тэнгэрийн тэртээ содон ганц од
Энэ орчлонг тольдох нь хавар ба намар аа...
Нарийн шиврээ бороо өдөржин уйлсан ч энэ сэтгэл
Насан турш сээрийн харгай шиг сэрвэлзэн дэрвэлзэнэ
Өдийд миний ижий сүүтэй цайгаа хорвоо шинэдтэл буцалгаад
Үл мэдэгхэн шивнээд бурхан өөд өргөх нь хавар ба намар аа...
Бүсгүй хүний нулимс мэт он жилүүд урсана
Бүжин туулайн нүд гүн өрөвчхөн байдаг сан
Бас сарны үртэс уулын боронго хаялсан ч би дуулсаар
Бидний сэтгэл нарийн торго мэт сэмрэх хавар ба намар аа...
Хэт ган, хуурай өвс эх газрын сүйрэл
Хэдхэн хүн хорвоог эргүүлэх нь юуны дохио вэ
Хэлэхэд ч бэрх, бодоход ч хүнд ахуйн галав юүлэлт
Хэнээс илгээсэн тохуурхал биш байгаа даа хавар ба намар аа...

 



Интерном номын их дэлгүүр борлуулж байна.

"Гоц улаан саран " Шинэ номыг хянан тохиолдуулсан эрхэмийн захидал

Ирэх хаврын захидал.

Эрхэм таны амар амгаланг айлтгая. Таны ирүүлсэн шинэ номын эхийн хариу болгож өчүүхэн захидал дагалдуулав. Олон үгээр ном сайн болдоггүй, цөөн үгээр муу ч болдоггүй нэгэн ёсон уран бүтээлийн ертөнцөд буй. Үүнийг санагалзан энэхүү бяцхан захидлыг түнэр гүм орчлонгоос гэрэл гэгээг хайгч хүмүүн танд хаягламуу. Хаяглахын учир нь таны гарт буй “Гоц улаан саран” /2012/ нэрт номтой холбогдох бөлгөө. Шүлэгч бээр:
Навчис уйлан уйлан унах энэ уй гунигийг үзээд
Нартаас унан унан холдох сайхан хүмүүсийг бодоод
Өглөөхөн бичсэн шүлэг минь шив шинээрээ байхад
Өчнөөн олон бичээгүй шүлгээ ирэхийг хүлээж би амьдарнам
хэмээсээр орчлонгийн өглөөдийг угтдаг ажээ. Найрагч үзэж эдэлсэн өдрүүдээсээ олон олон тунгалаг мөрүүдийг татлан бидэнд илгээсэн байна. Түүний шүлгүүдийн нэгэн өнгө аяс нь 3,4 мөрт богино шүлгүүд бөгөөд эдгээртээ цаг хугацаа, байгаль ертөнц хийгээд хүмүүний сэтгэлийн холбоо зохиролыг өөрийн өнцгөөс нээжээ. Ингэхдээ цаг улирал ба хүний сэтгэлийн орчилыг уянгалаг аясаар тодруулбал ардын дууны ч гэмээр юм шиг айзам хэмнэлээр илэрхийлсэн нь шүлгийн мэдрэмжтэйгээ нэн зохицсон мэт. Нэгэн жишээ:
Хонгорзул цэцэг нь ишэн дээрээ ганхана
Холхи алсын бүсгүй инээдээрээ даллана
Хангай нутгийн зун нүдний өмнүүр улирна
Халуун зөөлөн эгшиг зүрхэн дундуур бөмбөрнө. Мөн түүний шүлгүүдийн нөгөө нэг өнгө аяс нь богиновтор нэргүй шүлгүүд байна. Тэдгээртээ орон зай цаг хугацааны аясыг тоочоод сүүлийн мөрөөр нь дүгнэн санаагаа илтгэсэн байдал ажиглагдаж байна. Нэгэн жишээ:
Шилийн цас хайлж нэг, урсаж нэг байхад
Шимт өвс хагдрах лугаа намар цагийн аяс... гэх мэтээр зураглан тоочоод эцэст нь
Элэр балрын тасархай хэтэрхий нэт уйдах
Энэ ертөнцийг танихад зуун жил хэрэггүй... гэж дүгнэн өгүүлэх аж. Найрагч бээр энэ мэтээр байгаль ертөнц, хүний сэтгэлийн уялдааг илэрхийлэхдээ цаг улирлын байдлыг түгээмэл дүрсэлсэн байгаагаараа монгол найрагч болохоо илтгэнэ. Ер нь монголчууд шиг цаг улирлын аяс байдалд нухацтай анхаарал хандуулдаг ард түмэн дэлхийд цөөхөн байх. Энгийн танил хоёр хүн уулзаад ярихдаа ч, эрхэмсэг дээд яруу найрагтаа ч цаг улирлын аяс байдлыг зураглан өгүүлэх ба ийн өгүүлэхдээ хүний сэтгэлийн ертөнцтэй холбон бичиглэх. Эндээс хүн бол байгалиас заяамал гэдгийг сануулахын зэрэгцээгээр монгол хүн байгальтайгаа хэрхэн ойр оршин байдгийг нотолж буй. Эдгээр нь мөнөөхөн бидний хэлдэг нүүдэлчний соёлтой холбоотой. Түүний цаг улирлын өнгө аяс бүхий шүлгүүд нь манай яруу найрагт нийтлэг дүрслэл болсон бүтэлгүй хайрын нулимстай түүхийг намрын улиралтай холбон бичдэг уламжлалаас арай өөр байна. Тодруулбал улирлын солигдол хувирал нь түүний хувьд аливааг шинээр сэрэхийн үүтгэл шалтгаан аж. Үүнийг нь “Зуны шүлэг”,  “Хаврын шүлэг-1,2,3,4”, “Өвгөн буурал уулсийн дээгүүр” гэж эхлэх нэргүй шүлэг, “Ойн чөлөөнд-Нэг, Хоёр, Гурав, Дөрөв, Тав, Зургаа, Долоо”, “Өвөлжөөнд”, “Есөн сар би хаврыг хүлээлээ” гэж эхлэх нэргүй шүлэг гэх мэтийн олон бүтээлүүдээс нь үзэж болно. Найрагчийн байгаль улирлын тухай шүлгүүдийн нэг хэсэг нь байгаль цаг улирлын хувирал түүний нэгэн агшин хормын ааш авирыг өөрийн сэтгэлийн аяс хандлагатай гүнзгий холбож  буй залуу шүлэгчийн “нөөц, үүц”-ийг аандаа илтгэнэ. Үүнийг:
“Зөргөөр явбаас
Зөн сэрмүү
Зөн сэрэхэд
Цөн түрнэ” гэх мэтийн шинж төрхтэй байгаа бол нөгөө нэг хэсэг нь мөнхүү цаг улирлын орчил хувьслыг буулгахдаа ямар нэгэн асуудал хөндсөн:
“Хөх бэлчирийн гол ширгэж
Хатаж гэнэ, хөөрхий
Хөвүүн нас минь тэнд
Тоглоод л үлдсэн юмсан” гэх сэтгэлд шивнэх юмтай шинж төрх нь энэ хахир хатуу цагийн туйлаанд уншигчдад сэтгэлийн гал, урамс өгөх нь сэтгэлд өег ажуу. 
            Ийнхүү сэтгэлээ хайлж, гэрэл гэгээ, амьдралын сайхан бүхнийг нарийн гэгээн өнгө аясаар сэрэн мэдэрч, шүлэг болгож буй уянгын залуу найрагчийн номоос та газраар нэг хөглөрөх тэнгэрийн цагаан шувуудын гуниг, цайран цайран наашлах хаврын борооны анхны дусал, сарнаас хүмүүнд илгээсэн салхин зүгийн шивнээ, нутгийн тэнгэрийг чимэн гийх үлгэрийн цагаан сарны тунгалаг туяа хийгээд балчирхан цээжиндээ нутгаа багтаан зогссон хөвгүүнээс эх орноо, эх дэлхийтэйгээ тольдон дуулах эрийн цээнд хүрсэн найрагчийн санаашрал, зөнг мэдрэх болно. Хамаг бүхнийг дэлгэрүүлэгч хаврын улирал мэт ийм шүлгүүдтэй энэхүү номон дээр нь найрагчийн өөрийнх хэлснээр амжиж нэрийг нь бичье. Энэ яруу найрагч бол Мөнгөнхүүгийн Отгонбаяр. Ингээд энэ богинохон захидлаа өндөрлөсү. Харин та номоо унш даа. Тийн хэлснийг ийн үзэх сайхаан.  
                                                            Профессор Д.Галбаатар
                                                            Докторант Г.Батсуурь