Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Friday, April 6, 2012

Өвөл ба хайрын шүлэг

Уртхан болоод уужимхан намар хорвоогийн энэ л орон зайд хэсэгхэн оршин үзэгдээд буцав аа хөөрхий...
Намар холдох тусам хүйтний эрч чангарч уулын цас гэрэлтэн гялбалзаад өглөө, оройдоо өвлийн амьсгалаар орчин ахуйг ноёлоно. Гэгэлзэн тунгалагших хүмүүний сэтгэл ч өөрийн эрхгүй хүйтэн агаар лугаа замхран алга болох мэт болмуй. Монголын өвөл цаг Азийн энэ уудам орны чийрэг золбоот ардын омголон хийморийг улам улмаар эртнээс эдүгээ хүртэл бадрааж ирсэн гэлтэй... Эгэл ардаас хаад ноёд  нь хүртэл агнуурын үнэт арьсаар гоёж хээнцэрлэж ирсэн байдаг. Тэр түүх эртнийх бус энүүхэн хөдөө тийш нь одоо ч байсаар баймуй...
 
Өвлийн тухай манай бичгийн дурсгалуудад нэн сонирхолтой мэдээлэл элбэг дурьдагдсан нь тааралдах бөгөөд Та бүхэндээ би өвлийн хайрын шүлгээс дээжлэн хүргэхээр хичээсэн билээ. Энэ дашрамд хүний оюун ухааны дээд зэргийн таашаалыг төрүүлэгч урлагийн хамгийн нандин болоод бэрх салбарын нэг яруу найргийг шимтэн сонирхож ирсэн эрхмүүдэд талархаж буйгаа илэрхийлэе...
***
Цагийн зүү үүр лүү зүтгэж
Цангинам жавар хацар бараадна
Цантаж бууралтсан хоёр залуу
Цааш нааш сүлжиж явна
Цасанд бууралтсан энэ хоёр
Насанд бууралтах цаг нь ирэхэд
Халуун хайр нь халуун үлдвэл
Залуу нас нь залуу үлдэнэ.
Манай нэртэй яруу найрагч Чойжилын Чимид агсан 1960 онд энэ шүлгээ бичжээ. Өвлийн хүйтнийг эс ажран хайртай хосууд зугаацан явах нь манай эрх чөлөөт орны иргэдийн нэгээхэн тунамал  аз жаргалан биш гэж үү дээ. Тун гоё шүлэг гэж бодогддог юм.
Өвлийн ойд
Мөчир бүхэн цасанд дарагдаж бөхийгөөд
Мөнгөн өвлийн ой чив чимээгүй.
Нарсан ойг нэвтлэн газар хатгах
Нарны гэрэл утас мэт шув шулуун.
Цасан дунд тэнгэр ширтэн хэвтэхүй
Цайвар үүл модны оройд өлгөөтэй.
Орчлонгийн бүх чимээ цасанд дарагдсан мэт
Оюун бодолд шургалах юмгүй чөлөөтэй.
Зугаалж яваа бүсгүйн шингэн инээд
Зуны амьсгал шиг ойд гэнэт тархав.
Хүсээгүй зун ирчихэв үү гэж цочсон мэт
Хүйтэн цас мөчраас хийсэн унав.
Эрхэм найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн гуай энэ шүлгээ 1975 онд тэрлэжээ. Сайн шүлэг он цагийг гэтлэн үе үеийн уншигч хүмүүний сэтгэл оюуныг гэрэлтүүлэн байдаг. Шүлгийг ийм тийм хэмээн тодорхойлон хэлэхээс би зайлсхийе, гагцхүү таны сэтгэл зүрхэнд бууж буй тэр л өнгөөрөө та мэдрэгтүн.
Болор чулуунд туссан сарны гэрэл адил
Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг
Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч
Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан
Цонхны чинь доор тамхи татан татан холхиход
Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйтай нөгцөн алдарнам.

Чиний инээд үдшийн агаараар улаалан ирж
Миний сэрэхүй бүхнийг гижигдэн эрхлэнэ.
Чиний инээдний сайханд өрөөний чинь цонх ч
Өөрийн эрхгүй баясан мишээх шиг санагдана.
Чамайг элэгдэшгүй хайраараа өлгийдэн тэвэрч
Чанга шингэн инээдээр чинь зүрхээ тэжээн ханьсана.
Чиний инээдийг салхинаас булаан, газарт хүргэлгүй
Зүрхэндээ тосон авч, сэтгэлийнхээ хөрсөнд цацлаа.
Чанад итгэлээ өвөртлөн, үдшийн гэгээг уяртал
Чамайг бодлоороо энхрийлэн дурлалыг амталлаа.
Энэхэн биений минь эснээс нэг нэгээр нь тээн
Эргэлтгүй одох цагийг үрснээ би цагаатгалаа.
Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг
Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч
Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан
Цонхны чинь доор тамхи татан татан холхиход
Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйтай нөгцөн алдарнам.
Говь-Алтай аймгийн уугуул, нэрт соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндоржийн унаган шавь Лхамжавын Мягмарсүрэн ахын хайрын тухай гоц сайхан энэ шүлэг 1977 онд бичигджээ. Утга зохиол сонирхогчид, найрагчдын дунд Шар Мийгаа гэж авгайлагдсан эрхэм найрагч ахын олон уянгат шүлэг бий бөгөөд бас ч олон дуу бий. Тухайлбал хуучин Хөх тэнгэр хамтлагийнх гэгддэг дуучин Дашкагийн дуулдаг нэг дуу бий л дээ.
Зөрөөд өнгөрөх тэрхэн зуур
Зүрх сэтгэлд гэгээ татсан
Хүнээс илүү төрсөн
Аавын охин байх юм даа... гэж, энэ дуугаа Мийгаа ах надад өвлийн нэгэн үдэш дуулж сонирхуулж байсан нь тодхон санагдана. Түүний багш М. Цэдэндорж
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай... хэмээн алдаршуулсныг ч мөн Хөх тэнгэр хамтлаг дуу болгон дуулж байсан билээ.
Дөрвөн цагийн эргэлтэд орчлон хорвоо, хүний сэтгэл бас эргэж хөрвөх буй. Тэр тусмаа Монгол хүмүүс бид гойд аз завшаантай яа. Манай яруу найргийн төлөөлөгчид саяхан даа Унгарт болсон Дэлхийн яруу найрагчдын 29-р их хуралд оролцоод ирсэн юм. Тэдний нэг яруу найрагч СГЗ Г. Мэнд- Ооёо дэлхийн яруу найргийн ертөнцөд өндөр хүндэтгэл, дээд жишиг болсон нэгэн эрхэм шагналыг Монголоос анх удаа хүртэн ирсэн билээ.
� ПОЭТ ЛАУРЕАТ � цол дагалдуулан лаврын навчин хэлхээсэн дүрслэл бүхий � Алтан титэм �-ийг залсан энэ эрхэм Монгол яруу найргийг дэлхий хүлээн зөвшөөрч буй нь энэ бөлгөө хэмээн дуу алдсан нь ч аргагүй. Түүний  бүтээлүүд гадаадын 30 гаруй хэлнээ хөрвүүлэгдсэн байдаг. Танд нэгэн бүтээлийг нь сонирхуулья.
Шүлгээ найрагч 1995 онд бичсэн байдаг. Монголд Дэлхийн соёл яруу найргийн академийг үүсгэн байгуулаад тогтмол өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж Монгол хүний оюунаар бүтсэн найраг шүлгийг дэлхийн уншигчдад хүргэх улмаар Монгол найрагчдыг дэлхийн тавцанд гаргахаар нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж буй түүний хийж буй нэн чухаг ажлыг манай уншигчид ихээхэн найдлага тавин талархан дэмжиж байдаг юм.
Дөрвөн улаан навч
1.
Чийг дааварласан хөвчийн шинэс мод чичрүүстэй ч
Чи бид хоёрын өмнөх навч гал асах мэт улайвай.
Салаалж нийлж сарнисан олон замын бэлчир шиг
Саяын навчны судал бидний зугаалгыг бичиглэвэй.
2.
Лэглэгэр цагаан манан тайзны хөшиг шиг унжиж
Хөглөгөр их ой хөрөөдсөн тайрдас шиг харагдвай.
Хүслийн мод бүхэн хөх ногоон дэвүүртэй сэн
Хүйтэн царайлсан тэнгэр улаан навчаар уйлвай.
3.
Хамгийн сүүлчийн бороо улаан навч шажигнуулж
Харуй бүрийн завсарт нүцгэн ой нүүгэлтвэй.
Хайртай хүмүүс жаргахынхаа төлөө зовдог хорвоод
Харин бид хоёр зовохынхоо төлөө жаргавай.
4.
Намар оройн бороо харсаар байтал царцаж
Насны энэхэн хөтөл дээр цасны ширхэг хайрвай.
Зурсан зүрх гэмээр ганц улаан навч
Лавсан нэвсийх цасан дор дарагдвай.
Харин одоо танд би өөрийн  � Нийл гийх үүр � номондоо орсон хоёр шүлгийг сонирхуулья.
Цас
Өчигдөр би тагтан дээрээ
Өвс уугиулан зогсоно.
Үүрэглэх бүсгүй шиг саран
Үсээ сэгсрэх шиг болно.
Жиргээ мөнгөн ширхэгүүд
Жин жингээр газар унана.
Хөх хад цагаан хад болоход
Хүйтэн өвөл дулаахан санагднам.
Чи гоо
Өдөр мэт шөнө
Өвөл нам гүм
Жижигхэн одод
Жигтэйхан гялалзана.
Чи гоо
Хурмастын хур
Чимээгүй цасан
Чиний өлмийд эрхлэнэ.
Саран эмзэг
Сайхан, сайхан
Салхи зүүд мэт
Сэмхэн сэтгэнэ.
Царай чинь гоо
Гүнж, гүнж
Цаг хугацаа
Зүүрмэглэж байна.
Чи дуугүй
Би дуугүй
Тунгалаг хайр
Туяарнам зэ.
Бидний өдөр тутмын амьдрал мөнх юм шиг л үргэлжилж, он цаг ар араасаа түрэн түрэн өнгөрч байна. Гэхдээ энэ амьдрлаас сайн сайхан болоод илүү эмзэг нандин бүхнийг олж харах гэсэн мэт найрагчид шүлгээ бичдэг ч байж болох юм. Учир нь гэвэл сайн бүтээл бичигдсэн цаг хугацаанаасаа үл хамааран дөнгөж сая л бичгийн ширээнээс ирсэн мэт санагдсаар байдаг авай. Зарим хүн би шүлгийг ойлгодоггүй гэж ярих нь тааралддаг. Шүлгийг ойлгохын тулд эхлээд унших хэрэгтэй гэж би зөвлөдөг л дөө.
Ямартаа ч  олон мянган хүн өөрийн  ухамсарт  амьдрлаа энэ ертөнцийг танихаар зориулдаг билээ.