Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Friday, March 16, 2012

Тал сарны тэртээд


"Тал сарны тэртээд"
                                   Найрагч Данзангийн Нямсүрэн-д
Талын шөнө үдшийн аялгуу зүрхэнд хөгжимдөнө
Цасанд дарагдсан ихийн их тал нэн уйтгарт
Тал сарны зүүн доохон суугаад шүлэг бичлээ би
Тансаг Нямсүрэн эрт цагт ийнхүү суусан биз дээ...
Сарны туулай ч эс үзэгдэн одод ойрхон ирэх
Сайн хүний эзгүйд шүлэг хаанаас төрөх
Саяхан намайг илбэсэн үйзэн салхины бидэр
Сайхан найрагчийн үсийг хэзээ нэг илбэсэн биз дээ...
Хэрлэн голын мөсөн биеэр цас дарж
Хэзээ мөдгүй урсахаа сэрэн хаш шүлэг бичнэ
Хэн нэгнийг санаашран он цагийг үдэж
Хээрийн салхинаа бялзуухайн жиргээг хүлээнэм...
Тал сарны гэгээн доогуур өвгөн харцага нисэж
Танимхайран уулын аялгуу исгэрэн салхи зүсэн одно
Та болоод би монгол дарсны шүлэгчид
Танил хорвоогийн шинэ өнгийг зурагч буюу...
Эргэцүүлэн суухуй энэлэн шаналан болном зэ
Эвдрээгүй найрагчийн шүлэг цаг хугацааны зүүд
Эдүгээ та болоод Ли Байн дуу гэдэг
Энэ цас ихт талд өвөлжсөн ганц галуун навч аа...
Уул болоод талын хооронд өндөр болоод нам гэж үгүй
Уянга болоод дуу эгшигийг үгээр хэн бичих
Ус болоод мөс тал нутгийн цас
Уужим хөх тэнгэрийн бороо шүлгийн цаас норгоно...
Бидэр бидэр салхинаа бие сэтгэл ганирна
Билиг оюуныг сэргээх яруу найргаа дууднам
Бичсэн шүлгийг чинь чулуун дээр сийлжээ энд
Бишид хүмүүсийн зүрхэн дээр цаг хугацаа сийлнэ ээ...
Тал сарыг бүтэн болтол тал нутагт суулаа
Тансаг Нямсүрэн ийнхүү суусан биз дээ
Таны дуулсан дуу өвс ногооны шивнээн дунд
Таван жингийн үүрээр “Хөх Дав”-аа дуудан сэрлээ би..