Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Thursday, November 3, 2011

Эрээсэн замын энгээр


…Тэр жилийн зун манайх аймгийн төвөөс аав, ээжийн маань төрсөн нутаг Дуут сум руу нүүлээ. Дуут сумаасаа цааш Хөх бэлчир бригадын нутаг Балхуун гэдэг газар зусаж билээ. Халуун наран төөнөсөн аймгийнхаа төвөөс гараад, сэрүүн салхи илбэсэн Алтайн уулсын хормойд ирээд дүү бид хоёр ээжийн оёж өгсөн хөвөнтэй дээлтэй зуныг үдсэн сэн. Аргагүй л дээ дүү Цацрал маань дөнгөж хоёр ойтой, харин би 11 нас­тай байлаа. Уг нь манайх эцэг эхээс наймуулаа, би гурван ахтай, гурван эгчтэй, нэг дүүтэй хүн л дээ. Ах, эгч нар маань тусдаа айл болж гарах нь гараад, хоёр ах хүргэн ах Оожоо хэмээх П.Очирбатынд Маш, Нууртаар зусаж байсан цаг. Гэрт аав, ээж дүү бид дөрөв л голдуу байцгааж нөгөө хэд маань үе үе бөө­нөөрөө аймгаас, су­маас айлч­­­лан ирдэг байж билээ. Нутгийн айлууд заво­дод сүү саалиа тушаагаад Хөх бэлчи­рийн голоо өгсөөд хоёр гур­ваа­раа нийлээд л ван­сэм­бэрүү цэцэг ургасан шиг л хуарагнан бууц­­гаачих­сан. Балхуун ха­виар айлууд цөөн­тэй. Аавыг минь Намс­райн Мөнгөнхүү гэнэ. Нутгийн олон Мөн­гөн даргаа хэмээн хүндэлнэ. Аав маань дөч гаруй жил төрөлх Дуут сум болон, Цэцэг, Эрдэнэбүрэн, Буянт сумдад нэгдлийн дар­гаар ажиллаж ирсэн бөгөөд, тэр үед аймгийн Захын кон­торын даргаар ажиллаж бай­сан билээ. Нагац ах Ж.Төмөр­чулуун аавд нэг номхон хүрэн морь барьж өгснийг нь би орой өглөөд дөхүүлж өгөх ажил­тайн дээр өдөрт нь сур­гуу­лийн зуны даалгавaр болох зурамны арьс өөрөө олчих санаатай, тийн ан гөрөө эр­гүүлэх болой. Балхууны Ам, Хойд, Өмнө салаа гэж байх, тэгээд Балхууны эх, Олон овоот гээд том дүнхийсэн нуруу, цаашаа Өеөт гээд үргэлжилнэ. Балхууны амаар уруудаад, эсвэл Олон овоо­тоор даваад Хөх бэлчирийн гол орох бүлгээ. Ээж маань ойр зуурхан цайны хэдэн үнээтэй, аав маань дүү бид хоёрыг эрхлүүлэх ажилтай л амарсан юм даг уу даа. Хааяа өнөөх хүрэн морио унаад Хөх бэлчирийн голоор ороод ир­нэ, ирэхдээ шимийн рашаан үнэртүүлчихсэн ирнэ. Олон овоотыг даваад нэг цэг шиг юм байснаа тэр нь томрон томорсоор, наашлан наа­шилсаар морьтой хүн болж харагдаад, тэгээд л хүрээд ирдэгсэн хөөрхий аав минь. Дүү бид хоёр аавыг явсан хойгуур, ирэхийг нь хүлээн Олон овоотыг хараачлан байдаг байлаа. Аав ирээд бүсээ тайлангуут л элдэв төрлийн чихэр, жимс ар, өв­рөөс нь асгаран унадаг сан. Зон олондоо хүндлэгдсэн тэр хүн олон л айлаар ордог биз, охиндоо нэгийг, хүүдээ хоё­рыг хэмээн авсаар өвөр түрий нь тийн дүүрдэг байсан биз ээ. Ирэх болгондоо нэг л дуу дуулна. Морин дээрээ бага зэрэг дайвлан дуулсаар ирнэ. Унтахаасаа өмнө нөгөө дуу­гаа заавал дуулчихаад амардаг сан. 

Сүүмийн сүүмийх алс тэртээ 
Сүргээ хариулж яваа даа 
Баян далайн ус шиг 
Бялхам сэтгэлт аав минь 
Сураг чимээ чагнаад 
Хүүгээ хүлээж суугаа даа… хэмээн их л уянга­луулан, бүр сэтгэл зүрхнээ­сээ дуулдаг нь одоо ч тод санагдана.  Тэр жилээс хойш бараг хорин жил өнгөрчээ. Аавын­хаа дуулдаг байсан энэ дуунд би жил өнгөрөх бүр улам л дурлан татагдсаар…  Зун цаг золгон ирэх бүр дүү бид хоёр аавын хоёр талаас зүүгдэн нутгийн ганц нэг айлаар оржээ явсан, тэр зуны зураг сэтгэлд тодрон тодрох нь хачирхалтай.  Аав минь төрсөн нутаг усаа, үр хүүхдээ хооронд нь танилцуулж явсан нь тэр ажээ. Гэхдээ аав энэ талаар тэр үед дурсаагүй санаг­дана. Эсвэл би балчир байсан бо­лоод мартаад өнгөрсөн юм болов уу.

Олон овоотын эхний
Судар мэт үүлсийг 
Орж гарах ижий минь 
Шүлэг шиг уншихад
Балхууны эхэнд нуугдсан 
Балчир хэнз нас минь 
Бялзуухайн жиргэх дуу мэт 
Зүрхнээс цацарнам… 
Хойтон хойтон хорвоо 
Хоног хоногхон хүүтэй 
Холын тэр хадан 
Хонгор хүүгийн дуутай… 

II 

Харлаг манан үүлтэй  
Харвалцах одод ойрхноос 
Хачин гоё гэрэлтэн ирээд 
Хажууханд торр...хийн унаад 
Тэр дуу чихний минь сонссон 
Хамгийн тэнгэрлэг дуу мэт сэтгэхэд 
Сарлагийн сүрэг сүг зураг мэт 
Судаг даган идэшлэхэд 
Салхитай хамт хийсэн одсон  
Эрт багын бодлууд минь 
Сая л нэг юм хөвөрсөөр 
Эзэндээ эргэж ирэв... 
           Хавар цаг сан. Манайх аавын төрсөн бууц орших Маш, Нууртын голоор нутаг­лаж байв. Аав минь өвгөдийн араас тэнгэрт одоод зургаан хаврыг үзсэн байлаа. Ээж дүү бид гурав Оожоогийнхтой айл. Миний бага ах Гансүх цэрэгт явсан. Нэг бодлын би ээж дүү хоёрыгоо хандаж байсан юм шиг, нөгөө бодлын ээж маань дүү бид хоёрыг хүн болгох гэж зүдэрч явсан шиг санагдана, тэр үе. Ээжийг маань Бадамын Нямаа гэнэ. Нутгийн олон Нямаа адиа хэмээн хүндэтгэнэ. Зарим нь бүр ээжээ хэмээн өөриймсөн дуудах. Маш, Нууртын гол гэдэг маань өндөр Алтайн уулсын хоёр салаа бөгөөд олон уул, нуруудын шил өндөрлөг газар билээ. Хөх бэлчирийн гол маань далайн түвшнээс дээш 2500 метрт оршдог юм бол, Машийн гол түүнээс дээш лавтайяа 3000 гаруй метрийн өндөрт орших тийм нутаг бөлгөө.  Тэнгэр тулсан тэр уулсын оронд хачин дулаахан хавар болдог билээ.  Хэц өндөр асгаар хойлог шувуу хослон донгодоод, сэв сэв салхи үлээж сэвс сэвс­хэн цас хийсэж бутарч байх...  Нууртын Хэрцийн амны хаваржаанд шөнө гарсан хурга амлачихсан, өглөө нь цатгалан амьтан тонгочин зугатаад л... Энд ч мал төл­лөөд, тэнд ч янгир ишиглээд ёстой л үртэй бүхэн дэлгэрч, үндэстэй бүхэн нахиалдаг байлаа. Хонины ээлж таа­рахад, би гэдэг хүн хурганы уут үүрээд өглөө гарна. Тэр өдөр мал төллөхгүй бол хоёр уут, эсвэл нэг тампуу аргал түүгээд үүрээд ирнэ. Адуу үхрээ нааш нь цааш нь бол­гоно. Ээж их л баярладаг байж билээ. Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэгчийн үлгэрээр л тэр буюу. Үүнээс ч илүү сургууль амраад Нуур­тад ирэхдээ би ээжийгээ онцгой их баярлуулсан би­лээ. Сургуулийн хичээл тарс­ны дараа Маш, Нуурт руу явах унаа олддоггүй, суманд нэг хоёр хоног унаа хайж өнжсөн санагдана. Дунд ах Ганбат маань тэр үед суман­даа ажиллаж байсан сан. Ингээд би хаврын нэг өглөө сумын төвөөс ээж, дүү хоёр руугаа шийдмэгхэн гараад алхчихлаа.  Өглөөний нарнаар Худаг булгаар даваад, Гэрмүүдийн амаар уруудаад, Хөх хавцал ороод, Хөх хавцлын гол гат­лаад Харлаг хад, Битүүтийн ам өнгөрөөд Хэрцийн амаар өгсөөд хэцүү бэрх Эрээсэн замыг арай ядан даваад Эм­гэл­житээр дайраад Нууртын аманд ирэхэд, оройн наран жаргаж байж билээ. Жар орчим бээрийн энэ аялалдаа, замдаа таарсан нэг ч айлаар ороогүй юм даа тэгэ­хэд...Уулын сүүдэр нөмрөн юу, юугүй харанхуй нөмрө­хийн өмнөхөн би гэрийнхээ барааг харж билээ. Гэртээ ирэхэд ээж маань тун ч их баярлаад, дүү минь ч хөл нь газар хүрэхгүй байж дээ, одоо санахад. Ингэж л бид гурав тэр хавар золгосон сон. Ээж минь яагаад тэгж их баяр­ласныг нь би тэр үед асуу­гаагүй өнгөрсөн дөө. Тэрнээс хойш одоо болтол ээжийгээ тэгтэл нь их баярлуулсан билүү би, эс мэднэ. Тэгж явах­­даа замдаа байсан нут­гийн айлаар ороогүй өнгөрлөө гэж хожмоо зэм хүртэж билээ.   Тэр хавраас хойш хэ­дийнэ арван хэдэн жил өнгөр­чээ. Цаг хугацаа гэдэг дур­сам­жийн хуудсанд л, өнгөр­сөн амьдрал болон тодордог ажээ. Дурсан санах бүр тэнд одоо ч хавраараа буй мэт... 

...Эгэл жирийн бор үдэш 
Нутгийн уулсын нөмөрт 
Ижий минь бор гэрийн гадаа 
Үнээ сааж суух 
Тэнд орчлонгийн нэгэн жаргал байна 
Тэнэглэл хэзээ ч хүрэх­гүй ухаарал байна 
Далд совин татсан тайтгарал байна 
Дарс сөгнөж халамгүй омгорхол байна 
Ижий минь үнээ сааж суух 
Ижийдээ би тугал та­таж өгөх 
Энд амьдралын нэгэн утга учир байна 
Эргээд хэзээ ч олдохгүй аз жаргал минь байна...

 III
 ...Хөх давд төрсөн бодол 
Орчлон ертөнцийг бүүвэйлнэ 
Хөх давын өлхөнд хэвтээд 
Орчлон ертөнцийг мартнам 
Энэ л энгэрт унасан бүхний  
Энэлэн шаналанг таашгүй ч  
Ер бусын нэгэн зүйл 
Намайг дуудан дууднам... 
         Ах маань цэргээс халаг­даж ирээд нутгийнхаа бүсгүй­тэй ханилан суугаад Маш, Нуурт, Хөх бэлчирийн голдоо эзэн суусан билээ. Гансүх ахынхаа хуримаа хийсэн тэр намар би хот руу сургуульд ирсэн болой.  Тэгэхэд Хөх бэлчирийн го­лын Хөх давын аманд манай­хан бултаараа нэг цуглаж лус савдаг баястал найр хийсэн сэн. Ах маань тэр цагаас өдий болтол Хөх давын амандаа олон жил нутаглаж байна даа. Хөх даваас уруудаад Хар зааг, Хөндлөн булгаар дай­раад Хөх хавцал руу овооны дэргэдээс өнгийхөд байга­лийн олдошгүй гайхамшигт нэгэн зураг сэтгэлийг баясгаж зүрхийг догдлуулдаг бөлгөө. Өндөр хөх хавцлын ханан хясаа эгц урдаас нарны гэрэл ойлгож гялбуулаад тэдгээр ханан хад нь ямар нэгэн өвлийн том мөнгөлөг гацуур модод үй зайгүй шигүү урга­сан мэт сэтгэгдэл төрүүл­нэ. Хавцлын наанатай уулын түргэн урсгалт гол хөөцөлдөн бууж уруудаад, өвс ургамлын үнэр салхи сэвшээгээр таа­тайяа түгэж голын хойд талд маш том цагаан хад өргөн ширэг үзэгдэнэ. Олон бөөрөг толгодын ар, өврөөр ан амь­тан жигүүртэн шувууд таа­ваа­раа нутагшин амьдрах нь энгүүн. Бас ихсийн газар ариун орон ч тэнд буй. Хөх хавцал руу өнгийн халиалгах энэ овооны дэргэд суугаад зүг бүртээ хандах нь сэтгэлийн тайтгарал эдлүүлэх увидас­тай ч юмсан уу. Марал тө­рөөч, Хар дав, Төргөний дав цаашаа Балинтын хавцал үзэсгэлэн гоо төрхөө гай­хуулан хараа булаан орши­но. Хөх хавцлын эх өөд хүдэн манан суунагтаад, нууцлаг ахуй даллаж, хүрч очихын хүсэлт сэтгэлийг дууд­на. Эндээс хагас өдөрчийн газар морьтой яваад Нуурт, Ма­шийн гол орох бүлгээ. Тэгэх­дээ морио унах газар нь унаад, хөтлөх газар нь бууж хөтлөөд л явна шүү дээ.  Алтайн их уулсыг өгсөн, уруудан аялан явах энэхэн замдаа та асар баян ан гө­рөөс, байгалийн гайхалтай өвөрмөц урлал, тууль хайлах шиг, цуур үлээн хөгжимдөх шиг тийм эгшиглэнт аялгууг алхам тутамдаа мэдэрч өөрөө уусан найрсах нь дам­жиггүй ажаам.   Эцэг дээдсийн минь би­дэнд үлдээсэн энгүй баян энэ нутгийн олон түмэн 

Гурван зүгтээ сантай 
Гурвалжин их л Алтай 
Гурвуулаа хамт суухад 
Жаргал их л Алтай... хэмээн дууланхан жаргаж суудаг билээ.  Гансүх ах маань дээд­сийн энэ л нутагтаа амьдран суудаг болохоор ах дүү бидэн дотроо арай л илүү хүндэтгэл хүлээдэг юм шиг бодогдоно.  Манайх аймагт байхдаа өөрсдийн олон ам бүлээс гадна, энэ ч ах дүү, тэр ч танилын хүүхэд гээд л сур­гуулийн дотуур байр шиг л айл байдаг байж билээ. Байс­хийгээд л нэг машин тэрэгтэй хүмүүс сумаас явна, энэ маань ч өвдөөд, тэр маань ч сургуульд орно гээд манай­хаар ирж бужигнаж бужигнаж явах... Аав, ээж хоёр маань тэр болгоныг тээршааж бу­хим­даж байгаагүй юм. Ээжийн гал тогоо үргэлж л цай хоолоор дүүрэн бялхан дэ­вэрч байдаг сан. Ээж маань одоо ч аймгийн төвдөө суурь­шиж, хөдөөнөөс ирсэн ах дүүгийн хүүхдүүдэд хоол цай юуг нь бэлдэж,тэднийг хичээл номоо давт хэмээн сургаж, орсон гарсан олон түмнээ хүндлэн хайрлаж л суугаа билээ. Аав, ээж хоёр минь нутаг ус, зон олноо хайрлан хүндлэх сэтгэлээр амьд­ралын түүхээ бичиж ирсэн байнам. Энэ түүх үр хүүхэд биднээр нь дамжин цааш үргэлжлэх учиртай...  Алтай нутаг минь, аугаа Монгол минь, Ази тив минь, алтан бөмбөрцөг дэлхий минь амар амгалан орших болтугай.  Урсан гарах баярын ну­лимс шиг тийм тунгалаг аз жаргалыг би энэ л нутгаасаа олсоор байх бөлгөө. 

Сэрүүн асрын цонхоор  
Гэгээн салхи сэвнэ
Сэтгэлийн доторх цэцэг 
Гэрийн зүг дохино 
Урд уулын хаднаас 
Уур манан савсана 
Угаагдсан модны мөчрөөс  
Улаан шувуу ниснэ 
Хамаг амьтны зүрх 
Хаашаа юунд тэмүүлнэ вэ? 
Хайртай Дорнынхоо энгэрт 
Халуун нулимс шиг зогсном би...