Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Wednesday, September 12, 2012

Эрхэм дүү Ч.Заяа-даа



                          
Орчлонгийн саран түгээмэл гийсэн хангай нутаг
Одод тоолон ургасан өнгийн цэцгийн орон гэнэ
Оройн дээд бурхан зүгт ухааны хэт барилдсан
Олон мэргэд уран гартнуудын өлгий нутаг гэнэ
Арын сайхан хангайн Жаргалант тийшээ
Миний сайхан дүүгийн төрсөн нутаг гэнэ
Авьяас билэг төгөлдөр гайхамшигт хүмүүсийн
Мянган жилээр суусан тийм л газар гэнэ
Зам холын аянд нөхөрлөж нэгэн явлаа
Залаа мянган уулсынхаа гэрлийг хамт харлаа
Залуу насны дуугаа дуулж нэгэн үзлээ
Зангаа хувиргаж үзээгүй дүү чамайгаа танилаа
Хол ойрын бодолд уулын солонго гийнэм
Хонгор дүүгийн хүсэл бүхэн биелэх болтугай
Жаргалтайн дэлгэр сарын тунгалаг энэ өдөр
Заяа дүүдээ шүлэг нэгийг тэрлэнэм...
Ерөөл ерөөлийн дээдийг та нартаа билэгдье
Ертөнц дүүрэн хүсэл тань биелэх болтугай
Жаргал жаргалын дээдийг та нартаа билэгдье
Жаргалтай жаран жарныг үдэх болтугай...
2012/09/03

 

Уулсаа бодохоор



Цагийн буданд зүрхний нулимс унахаар
Цайран харагдах сэтгэлийн хөлөг живэхээр
Баруун Хөх давынхаа гэрэлт энгэрийг бодохоор
Байж ядсан сэтгэл санаа минь амармуй...


Орчлонгийн олон уулсаас онцолж тоссон энгэр минь
Омогт залуу насны оноо алдааны дэнс минь
Зуур хорвоод үүрд чамайгаа үлдээгээд
Зул хонгор насаа овоон дээр чинь орхино оо...
Бадран мандсан өвгөдийн минь чулуу
Баруун оргилд чинь одоо ч гэсэн бий
Баримжаа алдан төөрч хорвоод би ирээд
Бахдал баяраар дүүрэн харьж буцахдаа уйдахгүй...
Сэрүүн дэнжийн чинь буурь одоо ч сэтгэлд тод
Сэрж мандах нар чинь алтаар илбэх нь ч гоё
Агуу оргил чинь доргитол чоно улих ч сайхан
Аавын минь сэтгэл чамд минь шингэсэн билээ...
Үй цагийн шуургатай өрсөн гарах уул минь
Үнэрийг чинь мэдрээд өвс цэцэгсийг чинь сананам би
Үзэгдээд өнгөрөх хорвоо юм бүхэн хоосон
Үнэндээ Хөх дав минь чи л намайгаа ойлгох юм ...
Тэнгэр газрын завсар шүлэг бичиж амьдарнам
Тэрлэг дээлэн дотроо ганцаараа уйлж амьдарнам
Тэртээд одсон өдрүүдэд гал мэт бадамлах
Тэвэрт ойрхон Хөх даваан сананам за...

2012/09/11




Намрын хэдэн шүлэгс


 

***

Ай намар минь, намар минь
Алтан бэхэнд дүрсэн уулсын минь гунигаа
Алиа дууны аялга болоод салхины исгэрээ
Алсаас ирэн сэтгэл хөглөх нь юуных вэ
Бодлын хол ойр орон зайн хэмжээ үгүй
Богширгон зүрхэнд хайр бийг мартаж болохгүй
Бага үдийн хэрд уулын нар тунгалагших мэт
Барьж дийлэхгүй хайрандаа би туяарнам...
2012/08/23


***

Намрын тэнгэр хөх үүлсээр бороошино
Навчсийн хэлбэрт уруулыг чинь бодно
Хэтэрхий хүйтэн биш бол энэ борооны дараа
Хэнз гоё цэцгүүд урган ганхана даа...
Үүлсээр наадах бүрхэгхэн энэ тэнгэр
Үзэгдэх холын барааг халхална
Тэр урган ганхах хэнз цэцэгсийн төлөө
Энэ бүтэн намар хангалттай гэж үү...

2012/08/31

***
Зүүдэн манан дунд төрсөн нутаг минь байдаг
Зүс гоо бүсгүй зүрхийг минь эзэгнэдэг
Зүггүй хонгор инээднийх нь үзүүрт хоргодож
Зүйлийн хорвоод би уусдаг аа ...
Орой намрын үзүүрт уулс минь байдаг
Онцын хөөрхөн бүсгүй сэтгэлийг минь дүүргэдэг
Охин нандин түүний харцных нь гэгээнд хоргодож
Орчлонгийн  гунигийг мартмаар болдог оо...
Зүүдэн манан зун намартаа татсаар ахуйд
Зүлэгт усныхаа эхийг санасаар л байнам...
Зүйрлэшгүй хөөрхөн бүсгүй сэтгэл гижигдсэээр ахуйд
Зүрх минь хайраар цохилсоор л байнам...
2012/09/03


***
Саран бас намар бодолд минь ойрхон юм
Салхины ариун сэвшээ ууланд минь ойрхон юм
Сайхан нүдэн охин сэтгэлд минь ойрхон юм
Сар жилүүдийн гэгээ ч түүнд минь ойрхон юм
Үүрийн бүүвэй саран гануун дээр суудаг
Үдшийн хонгор салхин санаанд минь буудаг
Үзэсгэлэн гоо охин зүрхэнд минь оршдог
Үзэгдээд өнгөрөх хорвоо ч үргэлж минийх байдаг
Дуулан хайлан суумаар цаг зөнгийн намар
Дурсан бодон баймаар цагаан бүгээн гэгээ
Алсын ууланд минь галуудын дуун цахиртахаар
Ахуй орчлонгийн буйдад цасны сэрүүн орно...
2012/09/11