Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Thursday, March 31, 2011

Дөрвөн мөрт шүлгүүд

Орондоо хэвтээд мөрөөдөлд төрүүлж ахуйд
Он цаг хүйн ээж лүгээ царай өгмүү
Шуудхан босоод хэл үггүйгээр алсарч одохуй
Шулуухан цаг хугацаа газар доргих мэт чичирмүү

***

Туурай хөлдөм жавар
Туулын хөндийд тачигнана
Муухай сэтгэлийн хажууд
Мутраар илбүүлэх мэт санагдана

***

Ядам хуруундаа өргөх
Сэржим тасраагүй цагт
Яруу найрагч
Жил жилд төрдөг эх орон минь

***

Хорол тооноор шувууны сүүдэр дайрахад
Ижий нь хүүгээ санах
Хойт уулнаа манан татахад
Хүү нь ижийгээ санах

***

Хөөрхий орчлонгийн үнэнийг өрөвдөөд
Хөл минь хөдлөхгүй
Гар минь савчихгүй
Гайхах ч үгүй байна би

***

Мөнх орчлон гэхээр
Мөс л бодогдоод
Мөрөөдөлгүй юутай гунигтай
Миний зүрх сэтгэл