Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Tuesday, November 29, 2011

Фото агшин №3 Амарбаясгалант хийд


Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Сайт /Цагаан толгой/ сангийн аж ахуйн төвөөс баруун хойш үзэсгэлэнт Бүрэнхан уулын өвөрт Ийвэн голыг өгсөх чиглэлд энэ хийд оршино.
Манжийн төрийн бодлогын үүднээс монголчуудын дотор буддын шашны нэгэн урсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэхийн тул Амарбаясгалант хийдийг байгуулсан байна.  
Хийдийн гэрэлт хөшөөний бичигт, "Найралт төвийн тавдугаар онд /1727/ зарилгаар элч гаргаж мөнгө арван түмэн ланг өгч илгээж түүний / өндөр гэгээний/ суусан хүрээний газар /их хүрээ, тэр үед Ийвэн байсан/ их хийд үйлдэж.... тэнгэр тэтгэсний тэргүүн он /1736/-д хийдийг үйлдэн төгссөн... гэжээ. Амарбаясгалант хийдийг тусгайлан судалсан бүтээл бараг үгүй бөгөөд Н.М.Шепетильников, Д.Майдар, Х.Пэрлээ нар өөрсдийн бүтээлд товч байдлаар дурдаж хятад хэв загварын чуулбар хэмээн дүгнэлт өгч байжээ. Уг хийд нь XVIII зууны эхэн үед байгуулагдаж, иж бүрэн цогцолбор байдлаар хадгалагдан үлдсэн уран барилгын чуулбар юм. 



Амарбаясгалант хийдийн цогчин дуган 

Амарбаясгалант хийдийн цогчин дуган нь хааш хаашаа 87 чи ам дөрвөлжин, хоёр давхар барилга юм. Голын дөрвөн баганын өөр хоорондын зайг 12 чи, хоёр дахь эгнээ багана хүртэл 11 чи, түүний дараагийн хоёр эгнээ багануудын хооронд 10,5 чи, гадуур тойрон явах саравчны багана хүртэл 5,25 чи зайг туc бүр төлөвлөжээ. Давхарын өндөрийг 15,75 чи, дээврийн өндрийг 10,5 чи байхаар бодсон байна. Дээврийн хэлбэр нь "тэлүүр нуруу" гэдэг монгол аргаар баригджээ.
Цогчингийн ард нэгтэнхлэг дээр зуу сүм, түүний ард хэрмэн ханаар хашсан лавиран сүм байжээ. Хийд ерөнхийдээ давхар хэрмэн хашаатай бөгөөд дэвсгэр газрыг гурван үе болгон тэгшлэн уул цогцолборыг барьсан байна. Хэрмэн хашааны дотор, гадна талаар хур борооны ус зайлуулах /гидротехник/ бүрдлүүдийг чадмаг хийжээ. Инженерийн шийдлээр Цогчин дуганы дээврийн усыг голын дөрвөн баганы дотуур урсган доод давхрын шалны доогуур гадагшлуулахаар тооцоолж хийжээ.
Эл хийд 207x175 м -ийн хэмжээтэй хэрэм бүхий 40 гаруй сүм дуганатай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм дугана байна. 1944 онд улсын хамгаалалтад авсан Амарбаясгалант хийд бол сүм хийдийг байгаль орчинтой зохицуулж уул ус, ургамал, ой хосолсон үзэсгэлэнт газар сонгон бүтээдэг монгол уламжлалаар барьсан бөгөөд, анхдугаар богд өндөр гэгээн Занабазарт зориулагдсан ариун дагшин шүтээн, монголын түх, соёлын хосгүй нандин дурсгалын нэг юм.