Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Wednesday, January 18, 2012

ДУУТАЙ ТЭНГЭРИЙН ОРОН


Тийм жаргалтай агшныг хэн болгон хүртэх билүү гэж бодох... 

             Зургадугаар сарын сүүлч юмсан, их уулсын нутаг битүү цасан цайран цавцайж хүйтэн үлээх боловч цасны нимгэн газар цухуйн үзэгдэх өнгө өнгийн цэцэг, өвс ургам­лын шим шүүс тэргүүтэн эрхбиш урин цаг болохыг үе үехэн сануулна. 
             Туж бүрхсэн их үүлсийн дэлхийд гүйх гүйдэл туулайн тавхайн чинээ харыг ч үл үлдээх сайвар, цайвар бөгөөд энтээ уулсын орой үүлийг цоолон хатгахад тэртээ энгэрт цасан хайлж цээлтэн, цэгээнтэнэ. 
             Орчлонгийн орой онгойж их үдийн наран цогиход гурван цаг дарсан цасан бороог гур­ван хоромд хайлуулж орхино. Угаагдсан хад чулуудын дун­даас улаан живэрт шувуу  нисээд тэнгэрт сарнисан үүлсийн тэг дундуур шургаж одно. Хоргодож ээрэгдсэн хонин сүрэг цацсан цагаан давс мэт цаг бүрт тархан бэлчинэ. Хотын хүүхнүүдийн гоёл болмоор хонгор ягаан цэцэгс туулан сүрчгийнх мэт үнэр будруулж сүг зураг мэт хэвдээ орно. 
             Зүүн уулын асган дундаас зүггүй нэгэн горхи тэрүүхэнд бий болоод зүс гоо бүсгүйн гэзэг мэт сүү татуулан мэнэрүүлнэ. 
             Хэдийд, хаанаас гарч ирэв гэмээр хээр морьтой хүн гэнэтхэн үзэгдээд баруун аялгатай дуу исгэрэн баруун гануугаар барсхийн давна. Ахуй дүнгийн сайханд автаж амсхийж ч амжаагүй алгуур­лан байтал атга цагаан үүлэн савсайж арын нуруунаас  нөмрөөд ирнэ. Уужмын зоо­ноос тэнгэр ширтэхэд ууч сэтгэл энгэр нэвчинэ. 
             Шүргэн алдан, алдан шүр­гэх үүлсийг суран цулбуурын үзүүрээр савчиж тараамаар бодогдоно. Үүсгэгчийн үрээр цугларсан үүлнээс үрлэн цагаан мөндөр унана. Үнхэл­цэг муутан нь үйж унамаар үүлэн цаанаас тэнгэр дуугар­на. Үг сүггүй сөхөрч суумаар үнэнээс давсан зарлиг сон­сог­доно. Хүний бүтээсэн бүхнээс аюум хүчирхэг ганц­хан чимээ цуурна... 
             Үдшийн хөнгөн, мөнгөн салхинаа уул уулын тунгалаг байдал нь нэн тайтгарч гоц энхэр саран баруун этгээдэд барим тавим үзэгдэн буй. Урдхан болоод уртхан хайр­ханы хүрэн хөөгийн эхний цол асганы дүнтэйгээс угалз, тэх гарч явсан тухай хот айлын хонины багачууд шуугилдана. Тун тэндээс л болов уу ч даа, хонь хурга нийлэх мэт бүдүүн нарийн дуугаар чоно улина, чихэнд улина. Тэрхэн зуур энэ эх нутгийн эзэд хэн болох тухай бодол улих дуу, уулын цуурайтай цуг урдхан талд минь ирэн унана. 
             Ужиг хатуу зовлон хаанаас ирж, хад мөргөх эсэх нь тодорхой биш боловч одод одныхоо замаар, хүн хүний­хээ замаар, чоно чононыхоо замаар яваасай билээ. Орч­лон даяарын эргэлт хэзээ эс эргэцэхийг хэн таах аж... 
             Ийн хотны захад бодлого бодон зогсвоос сайхан Мон­голын гэр сансрын хэсэг мэт цийлэлзэн цэгээнтээд тоо­ноор үзэгдэх гэгээ нь юу, юугүй бүр огторгуйн туйл руу нисэн шумбах тийм тэнхээг мэдрүүлж өгнө.Толгой өргөөд ихийн их энгийн замаар амьд­рах тухай өгүүлэх мэт болно. 
             Гэрт орвоос суут хааны есөн өрлөгийн тоонд баймаар чиглэгэр улаан өвгөн үлгэр, түүх хоёрын заагаар үнэн улаан үг үгүүлнэ. Үзсэн, дуулсан, туулсан бүхнээ үрчлээт магнайдаа ариутган шүүж, гурав хөрвөсөн орч­лон­гийн өмнөөс гуниг сар­ниаж инээвхийлнэ. 
             ...Хайран залуус хаврын ногоо хөөсөн төлөг мэт хот газар руу одов гэнэ. 
             Баруун Алтайн нурууны бардам цагаан саран цогт оддын дундаас эрт их цагт асан тэр мэт янзаараа эгэлгүй тунгалаг үзэгдэх нь миний нутгийн шөнө юм шүү. 
             Энэхэн газрын дайдаас анх гарсан сан. Хаа алс хүрэх замд ч бодогдоод байдаг юм. Хайртай болохоор тэр юм болов уу даа. Халуун элэгт эцгийн минь эрдэнийн гэрлийг хадгалж байдаг болохоор ч, тун аргагүй дээ. Хачин их тайвшралыг олох юм, ханагар их биенээс нь элч гэрэл түгдэг биз ээ... 
             Хорин жилийн өмнө энд хонгор нас минь үлдсэн сэн, хорвоогийн хоёр гэрэл ижий аавтайгаа байсан сан. Энэ л цагаан цагийг эргэн эргэн тойрч, энгэр дээлэндээ баг­тах­гүй хайлан уярч явнаа хө... 
             Бага насаа бодохоор бороо л бодогдоод байх юм, бачим давчуу хорвоогийн зүсийг норгомоор болох юм. 
             Уулсын нөмөрт ижийнхээ дэргэд уран шувууны үүрэнд буй ангаахай мэт унтаад өөрийн босгосон оргилынхоо зүг өглөө эртхэн гараад мор­доно доо...  
             Гүн өнгөт Алтайгаа толь­дон тольдон харахад голт зүрхний гүнд тэнгэрийн дуу цуурайтна. 
             Дээр буй аавын минь ч үг шиг, дэргэд буй ижийн минь ч үг шиг тэр дуу Дуут минь, Хөх бэлчир минь, Хөх дав минь... гээд байна уу даа. 

             Орон орон дундаас олж унасан энэ л газрынхаа ганц­хан цэцэгний дайтай ганхаж, гунхсан залуу нас минь... 
             Эрт эдүгээг холбосон элбэг зузаан замын үзүүрээс бүлээхэн аят салхи үлээнэм. 
             Элбэрэлт дулаан алганд буй мэт Ховд хот үзэгдэнэ. 
             Ижий минь энд суудаг болохоор ээнэгшиж дассан минь тэр буй заа.  

 ...Гар эсгэм халуун  
  Наран төөнөнө. 
  Газрын цээжинд миний уулс 
  Цасаан 
  Цацалж 
  Цайвалзан сууна. 
  Тунгалаг Буянт сэрүүнийг 
  Сэргээж 
  Үг үгүүлрүүн долгилно. 
  Түүний дээгүүр салхи 
  Хүрэн алдан 
  Хүрэн алдан 
  Шүүрс алдах нь 
  Сонсогдоно... 

 Бурхнаас гэрэл тасдаж өгсөн аав, ижий, нутаг гурав минь билээ л... 

 М.ОТГОНБАЯР