Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Tuesday, August 28, 2012

Уулсын суугаар халиахуй


                                   
Баруун зүг миний уйтгар гуниг
Байн байн цахих уулс хонхны хэл
Хавар зундаа дуулагч далан хэлэн болжмор
Хаан ууландаа сүслэгч миний бодь сэтгэл                                                        

Билиг билгийн минь дээд нь хө, уулс минь юм. Би уулсынхаа хүү нь юм. Урианхайн их уулсаар явлаа би. Урьд өмнөх бүхий л жаргалаа түүж цуглуулж явлаа. Ухаант дээдсийнхээ үг сургаалийг уулынхаа салхинаас дахин сонслоо. Уруудаж өгсөж амьдардаг орчлонгийн тухай уулынхаа энгэрт хэвтээд бодож нэгэн дурслаа. Ургаж явсан нас минь унах цаг нь болоход ууландаа ирж шингэх тухай ухааран ойлголоо.
Урианхайн их уулс өглөө, оройн тунгалаг цагаар урт урт будан мананд ороолгон хөвсийн суух ажээ. Уудмыг эзлэн цаг хугацаа, орон зайг дүүргэн орших буюу аяа. Баруун Алтайн уулнаа бадаг, бадаг цагаан салхин багц багцаар исгэрнэ. Байж тогтож суумгүй болтол сэтгэл зүрхийг сорж, сэнсрүүлнэ. Баримжаа алдан төөрч мэдэх энэ л орчлонгийн бахдал, хүндлэл мэт сүндэрлэнэ. Байн байн санаа алдмаар ч шиг, барин тавин хэлж  боломгүй бачуурал ч биш, бардамнал ч биш, барагцаалбал уулсын тэргүүн дэх мөнх цасны суу дор ургасан эмзэг  энхрий цэцэг лүгээ тийм нэг мэдрэмж төрнөм...
Энэ жил миний ууланд элбэг цэцэгтэй сайхан зун иржээ. Уул уулын зулай тэргүүн өнөөх л мөнх цасандаа дарагдан цайвалзаж, уулс, уулсын цэцэгс өвөр зуураа ганхажээ нэг байна. Өлзийтэй сарынхаа алдар сууг бадраан уул, уулсын цэцэг бүхэн өөр өөр өнгөтэй ургажээ.
Нэг уулын цэцэг нил ягаан юм, нөгөө уулын цэцэг нөмгөн цэнхэр юм, дараагийн уулын цэцэг дан хөхөлбий юм, цаад уулын цэцэг цагаанаар эрээлэх юм, Алтайн уулсын минь цэцэг алагланаа л хөөрхий...
Уулын цэцэг нь хүртэл алаглаж ургаад хүний сэтгэлийг жаргаадаг энэ л сайхан нутгийнхаа уснаас нь ууж, агаараар нь амьсгалж хүний зэрэгт хүрч нэгэн биед шингэсэн билээ би нутагтайгаа. Залуу багын хэрэг хааяа, хааяа бодогдоод, зам өгсөх тусмаа эхлэл рүүгээ дөхнөм. Заяасан бие минь төрсөн нутгийн хэлтэрхий сэн, загас усан адил нутаг бидэн хоёр билээ л...
Ховдын Дуут л гэхээр хорвоогийн хаанаас чиг санан зүүдэлдэг нутаг, ус минь. Уулс минь таны төгс төгөлдөр гоо үзэсгэлэн, уйдашгүй амраг минь билээ.
Хөх давынхаа гэрэлт энгэрт тоглож өсөөгүй сэн бол хүү нь дуу зохиох сон бил үү ч дээ, яалаа даа, хэн мэдлээ...
Баруун зүг миний зол баяр
Байж ядан санагалзах мөнгөн соронз
Орчлонгоор дүүлэн нисэх сэтгэлийн минь жигүүр
Одоогоос зуун зуунд амьдрах миний хүсэл

Уулсынхаа энгэрт хэвтээд орчлонг бодох шиг сайхан зүйл үгүй билээ. Урган ургах бодлуудыг уулс сонсдог ч байж мэдэх дээ. Гэнэн гэлгэр насныхаа гэрэлтэй өдрүүдийг ууландаа л үлдээж дээ би. Элдэн бага насаа эрхгүй дурсан бодож энэ л орчлонгийн наран дор элэг зүрхэндээ хагсарнам за...
Гал халуун дурсамж, ганцхан олдох агшин, тэнгэрийн заадас мэт аугаа болоод энгийн хэзээ ч үл мартагдах арван жилийн сургууль минь. Ховддоо ургасан бал бурам мэт хонгорхон охид, хөвгүүд явлаа бид. Арван жилийн анд нөхөд минь бүгдээрээ амьдрлын минь мөнхийн найз нар минь билээ. Аз жаргалаар цалгисан тэр л өдрүүдийг аяа яахан мартаж чадах...
Сэтгэл зүрхийг минь дүүргэж ургасан эвий цэцэгхэн, сэвгүй хайр дурлалаа өргөсөн энхрий охин чамайгаа насан туршдаа мөрөөдөн хайрлаж, нарийн торго мэт шүлгээ би урладаг аа. Алтайн их уулсын дундаас оргилон мэлтэлзэх булаг шандны ус мэт гүн тунгалагхан нүдтэй, аавын хүүгийн зүрхийг зүсэж үүрд энэлүүлмээр ааль хонгорхон зүстэй, сэрүүн салхин эгнэгт илбээд наадан тоглох мэт ариун сайхан үстэй болоод сэтгэл тольтын эгшигт охин Янжинлхам мэт аядуу намж төгөлдөр, үйлийн үрийг ч үгүйсгэж чадмаар нандин, үзэсгэлэн гоог чинь цаг хугацаа ч булааж эс чадах хайран, хайраа өгөөд хаяа барааг чинь харуулдан суужээ байгаад энэ насыг элээмэээр хачин сонин, сонгодог охин байсан даа чи минь. Хөх уулсын минь хөвсгөр цагаан манан хүзүүний чинь гижиг мэт одоо ч надад бодогдог доо хө. Сайхан чиг төрсөн чамайгаа сайн найзтайгаа уулзуулчихаад сартай шөнө салхи залгилан шүлэг бичиж явсан шүлэг шигээ ариухан нас минь дээ. Үнэн хайртай охин чамайгаа үнсэхээс ч хүртэл эмээсээр үргэлжлэн ирэх зуны саруудыг үүрд би алдсанаа ухаарч Хатан Хар ус нуурынхаа дэргэдүүр хайрын гунигт дууг дуулж явсан сан... Зуны үдшийн салхины сэвшээ намайг илбэж дуу хоолойг чинь надруу илгээн ивээгээд, тэртээд одсон он жилүүдийг би нэхэн нэхэн тэрлэг дээлэндээ багтаж ядан сууна даа... Чи минь  дээ, заяат нутгийн гэгээн хонгор үзэсгэлэн,  залуу зүрхний мөнхийн гоо амраг билээ. Чамайгаа би цаг цагт санана. Цаг цагийн зүүд минь чамайгаа эргэнэ. Тэгээд л чамдаа шүлэг нэгийг бичлээ...
                                                                ***
Эртээдхэн тэнгэрт хөвж явсан болор үүлсийн тухай
Эргэж хөрвөж байдаг орчлон хорвоогийн тухай
Эргэлзээгүй үзэсгэлэн гоо чиний тухай
Энхрий минь чамдаа би ярьж өгсөн бил үү дээ хө,
Уулын минь голын эгшиглэнт шуугианы тухай
Ургасан цэцэг бүр нь минийх байдаг тухай
Урьд хождын амьдрал, ирээдүйн жаргалын тухай
Уяхан аальт чамдаа би хэлж өгсөн билүү дээ хө,
Сансрын хороо гэдэг оргил өндрийн тухай
Санаж явсаар сайн үйлс бүтдэг тухай
Салаа зам олон тусмаа сонгох хэцүү гэдгийг
Сайн хүний үр чамдаа би дуулсан бил үү дээ хө,
Аяа хорвоод хүн бүхэн жаргах гэж ирдэг тухай
Алсын харгуй дандаа намайг аянд дууддаг тухай
Амьд явахдаа хүний үр юу мөрөөддөг тухай
Алдрайхан минь чамдаа би шүлэг хэллүү дээ хө,
Сүүн цацлаа өргөсөн буурал уулсынхаа тухай
Сүлд хийморио дээдэлсэн буман ардынхаа тухай
Сүнжидмаагаас үзэсгэлэнтэй чинийхээ тухай
Шүлэг бичсэн тухайгаа ярьж өгөхсөн чамдаа ...
Цаст Алтайн эрх гоо дагина царайлагхан чамтайгаа би учраагүй сэн болбол цаас үзэг нийтгэн шүлэг хэлхэх сэн бил үү ч дээ, яалаа даа хэн мэдлээ...   
Баруун зүг миний тайтгарал
Бат суудал халуун зүрхний минь цохилт
Бадаг шүлэг хэлхэх үүрдийн эрх чөлөө
Баян Алтайгаа дуудах мөнхийн хувь тавилан

Хөх давын амны зуслан минь хөвхөрч дуурьсаж халиагдана. Хөх суунаг хийлэн манан хөвсөрч  хөвжээ  явна. Хөвүүн бага нас минь тэнд хөөцөлдөж тоглох нь үзэгдэнэ. Хөх тэнгэрийн дор хүмүүн хүслээ шившлээ. Хөх тэнгэрээс чинагш хүсэл минь алсарлаа. Хүрээд ирэхдээ хүсэл минь чи биелэх болно оо...
Эцэг дээдсийн халуун гал голомтод хамтдаа өссөн эгч, ах, дүү нараа хайрлан би бодлоо. Эндүүгүй дээдэлж ирсэн Алтайн их уулсдаа ирээдүйгээ даатган залбиран би бодлоо. Бодох тусам бодол минь болоршин тунгалагшлаа. Болох болохгүйн түмэн давааг сөрж үзмээр санагдлаа. Босоо төрсөн унаган хүлэгтэй сэн би , уулын улаан хээр минь оргил өндрийн боронго будартал үүрслээ. Бор борхон бялзуухай шүлгэнд минь жиргэлээ. Мянган үрчлээт уулсын минь, мяралзан урсах гол мөрөн нь миний сэтгэлийн эгшиг билээ. Үе үехэн илбэх үйзэн цэнхэр салхи нь миний сэтгэлийн долгис билээ.Үүлс хатган өндийсэн уулсын минь оргил миний сэтгэлийн алтан аргамж билээ. Үнэн худлын хорвоо гэдэг миний сэтгэлийн орон зай билээ. Үзэсгэлэн гоо бүхнийг хорвоогоос булааж авах нь миний сэтгэлийн цаг хугацаа билээ.
Алтанхан цэцгийн дэлбээ шиг, адилхан гурван эгчтэй сэн би, мөнгөнхөн цэцгийн шүүдэр адил мөн тунсаг эгч нар минь билээ л... Алтайн гурван оргил шиг, адилхан гурван ахтай би,их уулсынхаа оргил шиг ижилхэн гурван ах нар минь билээ л... Нартай борооны солонго шиг насны ганцхан дүүтэй би... Намрын шувуу шиг сэтгэлдээ би хааяа нэг гунидаг ч насан турш та нарыгаа хайрлаж л явдаг даа ...
Уулсынхаа салхинд зүлгүүлж өнгө гоо болсон удамт ах, дүү та нар минь байгаагүй сэн бол урианхай түмнийхээ гуниг баярыг би мэдрээ ч бил үү дээ, яалаа даа,  хэн мэдлээ...
Баруун зүг миний аялгуу
Бага нас тэнгэрийн нөр дуулал
Би байх байхгүйн тухай шударга асуудал
Бичсэн жаргалын минь биелэлийн шалтгаан

Орчлон хорвоогоор хэрэн хэсч явсаар, онгон ууландаа ирэх нь миний хувь тавилан юм. Омог төгөлдөр дээдсээ оршоосон, овоо тахилгат уулс минь чамдаа би хайртай. Олдошгүй сайхан аав л, ижийдээ мөргөж, оройн дээд наран сарнаа шүтмүй... Зүдэг хатуу амьдралд сэтгэлээр эс нугарнам, зүүдэл суудал уулсаа би зүрхэндээ гэрэлтүүлнэ. Зүүнгарын хааны нутгаар зүсэр зүсэрхэн бороо шивэрнэ. Зүүдэн нойрондоо хайртай бүхнээ би үзнэ. Зүлэг ширэгтэй зуны сардаа тэгээд зүрхэндээ би уйлна. Тэнгэр эцгийгээ санахаараа би, тэсэлгүй мэлмэрдэг ээ. Наран ижийгээ санахаараа би, намрын бороо шиг асгардаг аа.  Цаг явсаар буй ч цаг ирсээр байнам за. Хан Алтайн ууланд минь нар тусахад, Халхийн талд гэгээ татна. Халуун шүлэг цааснаа буухад, бүлээн голын минь цохилт тэмтрэгдэнэ. Хайн хайсаар хайртай бүхнээ хорвоогоос би өөрөө олно. Өвгөдийнхөө гэгээн бодлыг өр нимгэн цээжиндээ өнөд бат хадгална.
Зуун зуун жил уулс минь намайг тэвэрнэ. Зуун зуун жил уулсаа би тэвэрнэ. Зургийн алтан хорвоо эргэнэ. Зуур зам явуулын хүний оромж буюу энэ орчлон. Зуны өдрүүдээр уулсын салхи исгэрнэ. Зул шаргал хөвүүн Баяхан Алтайгаа магтана. Зулай зулай уулсаа л дуулна. Илбэ шид гэгч уулын тагтад бий. Их хүний үрс л ихийг сэтгэдэг. Ижийн сүүн цацлаар бурхад ундаалдаг. Ийм болохоор л би орчлонд хайртай. Орчлон хорвоо гэвчиг онгод шүлгийн талбар. Онож алдах амьдрлын ойр нулимст буюу би. Олон олоон жил шүлгэндээ би амьдарна. Одоогоос зуун зуунд хүслээ би хүргэнэ.
Билиг билгийн минь дээд нь хө, уулс минь юм. Би уулсынхаа хүү нь юм. Урианхайн их уулсаар явлаа би. Урьд өмнөх бүхий л жаргалаа түүж цуглуулж явлаа.  
Түмэн оны түүчээ ард олон минь.Түүх түүхээ бүтээсэн урианхайн баатар эрс минь. Зэлмэ, Сүбээдэй тэргүүт өрлөг жанжид минь. Зэвт нумаа татсан зоригт хөвгүүд минь. Уулын цуураа үлээсэн эгшигт ах нар минь. Уран биеээ биелсэн ухаант эгч нар минь. Алтай нутгаа магтсан аялгуут туульчид минь. Алтан шүлгээ хэлхсэн ахас ихэс минь. Урианхайн билигт найрагч уяхан агаа, эгээ минь ээ...
Өрүүн, асганы тойрогт өлзий, хутагийн галыг тань өнөд бадамлуулна аа хүү чинь. Өршөөлт дээдэс та нар минь надад заяагаагүйсэн бол өөрийгөө би шүлэгч гэж бодоо ч бил үү, үгүй ч бил үү дээ, яалаа даа, хэн мэдлээ...
Баруун зүг миний зүрхэн зүг
Баруун зүг миний зүүдэн зүг
Баруун зүг Зүүнгарын хааны нутаг
Бас миний төрсөн нутаг...
2012/08/15