Ээжийнхээ оёсон дээлээр гангарах нь
Эрхэм дээдийн жаргал болой.
Эцгийн гэрт мандан суух нь
Энэ орчлонгийн учир болой
***
Тогоруун зүсмийн хавар
Далбайтлаа хийсэж ирэхэд
Тогтоол усанд хөлдсөн
Дэрэвгэр сормуус эзнээ хайна
***
Өнөөх сэтгэлийн бороо шиврэхгүй
Энэ намар яасан урт юм бэ
Өргөн хөндийн цаахантай
Яг зунаараа байгаа даа
***
Босоод л нүдээ нухлаа
Би хэдэн жил унтаж байнаа
Дахиад л далавч минь гэмтжээ
Би нисэж чадахгүй нь
***
Залуу ламын сэтгэл шиг
Бодол тогтохгүй өдөр
Өвгөн ламын өршөөл шиг
Хөл минь амармуй
***
Цэвэр гоо бүсгүй
Цээжээ хөдөлгөн инээхэд
Цэн цэнгийн бодлууд
Цэцэг шиг ургана