Баруун зүгийн салхи
Балын амттай салхи
Бага залуу насны минь
Бардам үлгэртэй салхи
***
Арван сарын тэнгэр нь
Амгалан дүртэй тэнгэр юм
Амтат нойрыг үргээдэг нь
Амрагын тухай бодол юм
***
Өврөө нээсэн шүлгүүд
Өнгө өнгийн бодлууд
Өр зүрхний үгнүүд
Өвсөнд ассан түймрүүд
***
Арай гэж өглөө болоход
Алтлаг модод нүцгэрсэн байв
Ахархан ч юм даа
Цаг хугацаа...
***
Хэн нэгэн анд минь сайхан худал ярих мэт
Хэдэн дусал дуссан ч бороо орсонгүй
Удахгүй орох бороонд өмсөхөөр бэлдсэн цуваа
Уйтгартайгаа хамт тайлж өлгөлөө
***
Нүүгэлтсэн их гал мэт амьдралыг
Нүцгэн хөлөөрөө туучиж явахад
Эцгийн минь нэр, эхийн минь сэтгэл
Эдгээж, эм мэт хөлийг минь анагаамуй
***