Алавхийн одох цаг хугацаанаас бүү айгтун анд минь
Амжиж дээр нь нэрээ бичих зав хэзээд олдоно . . . Preview

Tuesday, February 21, 2012

Хаврын тэргүүн шинэ сарын баярын мэнд хүргэе



Айл хотлоороо аз жаргал цэнгэлтэй сайхан битүүрч, сар шинэдээ сайхан шинэлээрэй.


                  Жаргал жаргалын дээдийг тандаа билэгдье
                  Жаргалтай жаран жарныг угтах болтугай
                  Ерөөл ерөөлийн дээдийг тандаа өргөе
                  Ертөнц дүүрэн хүсэл тань биелэх болтугай

Wednesday, January 18, 2012

ДУУТАЙ ТЭНГЭРИЙН ОРОН


Тийм жаргалтай агшныг хэн болгон хүртэх билүү гэж бодох... 

             Зургадугаар сарын сүүлч юмсан, их уулсын нутаг битүү цасан цайран цавцайж хүйтэн үлээх боловч цасны нимгэн газар цухуйн үзэгдэх өнгө өнгийн цэцэг, өвс ургам­лын шим шүүс тэргүүтэн эрхбиш урин цаг болохыг үе үехэн сануулна. 
             Туж бүрхсэн их үүлсийн дэлхийд гүйх гүйдэл туулайн тавхайн чинээ харыг ч үл үлдээх сайвар, цайвар бөгөөд энтээ уулсын орой үүлийг цоолон хатгахад тэртээ энгэрт цасан хайлж цээлтэн, цэгээнтэнэ. 
             Орчлонгийн орой онгойж их үдийн наран цогиход гурван цаг дарсан цасан бороог гур­ван хоромд хайлуулж орхино. Угаагдсан хад чулуудын дун­даас улаан живэрт шувуу  нисээд тэнгэрт сарнисан үүлсийн тэг дундуур шургаж одно. Хоргодож ээрэгдсэн хонин сүрэг цацсан цагаан давс мэт цаг бүрт тархан бэлчинэ. Хотын хүүхнүүдийн гоёл болмоор хонгор ягаан цэцэгс туулан сүрчгийнх мэт үнэр будруулж сүг зураг мэт хэвдээ орно. 
             Зүүн уулын асган дундаас зүггүй нэгэн горхи тэрүүхэнд бий болоод зүс гоо бүсгүйн гэзэг мэт сүү татуулан мэнэрүүлнэ. 
             Хэдийд, хаанаас гарч ирэв гэмээр хээр морьтой хүн гэнэтхэн үзэгдээд баруун аялгатай дуу исгэрэн баруун гануугаар барсхийн давна. Ахуй дүнгийн сайханд автаж амсхийж ч амжаагүй алгуур­лан байтал атга цагаан үүлэн савсайж арын нуруунаас  нөмрөөд ирнэ. Уужмын зоо­ноос тэнгэр ширтэхэд ууч сэтгэл энгэр нэвчинэ. 
             Шүргэн алдан, алдан шүр­гэх үүлсийг суран цулбуурын үзүүрээр савчиж тараамаар бодогдоно. Үүсгэгчийн үрээр цугларсан үүлнээс үрлэн цагаан мөндөр унана. Үнхэл­цэг муутан нь үйж унамаар үүлэн цаанаас тэнгэр дуугар­на. Үг сүггүй сөхөрч суумаар үнэнээс давсан зарлиг сон­сог­доно. Хүний бүтээсэн бүхнээс аюум хүчирхэг ганц­хан чимээ цуурна... 
             Үдшийн хөнгөн, мөнгөн салхинаа уул уулын тунгалаг байдал нь нэн тайтгарч гоц энхэр саран баруун этгээдэд барим тавим үзэгдэн буй. Урдхан болоод уртхан хайр­ханы хүрэн хөөгийн эхний цол асганы дүнтэйгээс угалз, тэх гарч явсан тухай хот айлын хонины багачууд шуугилдана. Тун тэндээс л болов уу ч даа, хонь хурга нийлэх мэт бүдүүн нарийн дуугаар чоно улина, чихэнд улина. Тэрхэн зуур энэ эх нутгийн эзэд хэн болох тухай бодол улих дуу, уулын цуурайтай цуг урдхан талд минь ирэн унана. 
             Ужиг хатуу зовлон хаанаас ирж, хад мөргөх эсэх нь тодорхой биш боловч одод одныхоо замаар, хүн хүний­хээ замаар, чоно чононыхоо замаар яваасай билээ. Орч­лон даяарын эргэлт хэзээ эс эргэцэхийг хэн таах аж... 
             Ийн хотны захад бодлого бодон зогсвоос сайхан Мон­голын гэр сансрын хэсэг мэт цийлэлзэн цэгээнтээд тоо­ноор үзэгдэх гэгээ нь юу, юугүй бүр огторгуйн туйл руу нисэн шумбах тийм тэнхээг мэдрүүлж өгнө.Толгой өргөөд ихийн их энгийн замаар амьд­рах тухай өгүүлэх мэт болно. 
             Гэрт орвоос суут хааны есөн өрлөгийн тоонд баймаар чиглэгэр улаан өвгөн үлгэр, түүх хоёрын заагаар үнэн улаан үг үгүүлнэ. Үзсэн, дуулсан, туулсан бүхнээ үрчлээт магнайдаа ариутган шүүж, гурав хөрвөсөн орч­лон­гийн өмнөөс гуниг сар­ниаж инээвхийлнэ. 
             ...Хайран залуус хаврын ногоо хөөсөн төлөг мэт хот газар руу одов гэнэ. 
             Баруун Алтайн нурууны бардам цагаан саран цогт оддын дундаас эрт их цагт асан тэр мэт янзаараа эгэлгүй тунгалаг үзэгдэх нь миний нутгийн шөнө юм шүү. 
             Энэхэн газрын дайдаас анх гарсан сан. Хаа алс хүрэх замд ч бодогдоод байдаг юм. Хайртай болохоор тэр юм болов уу даа. Халуун элэгт эцгийн минь эрдэнийн гэрлийг хадгалж байдаг болохоор ч, тун аргагүй дээ. Хачин их тайвшралыг олох юм, ханагар их биенээс нь элч гэрэл түгдэг биз ээ... 
             Хорин жилийн өмнө энд хонгор нас минь үлдсэн сэн, хорвоогийн хоёр гэрэл ижий аавтайгаа байсан сан. Энэ л цагаан цагийг эргэн эргэн тойрч, энгэр дээлэндээ баг­тах­гүй хайлан уярч явнаа хө... 
             Бага насаа бодохоор бороо л бодогдоод байх юм, бачим давчуу хорвоогийн зүсийг норгомоор болох юм. 
             Уулсын нөмөрт ижийнхээ дэргэд уран шувууны үүрэнд буй ангаахай мэт унтаад өөрийн босгосон оргилынхоо зүг өглөө эртхэн гараад мор­доно доо...  
             Гүн өнгөт Алтайгаа толь­дон тольдон харахад голт зүрхний гүнд тэнгэрийн дуу цуурайтна. 
             Дээр буй аавын минь ч үг шиг, дэргэд буй ижийн минь ч үг шиг тэр дуу Дуут минь, Хөх бэлчир минь, Хөх дав минь... гээд байна уу даа. 

             Орон орон дундаас олж унасан энэ л газрынхаа ганц­хан цэцэгний дайтай ганхаж, гунхсан залуу нас минь... 
             Эрт эдүгээг холбосон элбэг зузаан замын үзүүрээс бүлээхэн аят салхи үлээнэм. 
             Элбэрэлт дулаан алганд буй мэт Ховд хот үзэгдэнэ. 
             Ижий минь энд суудаг болохоор ээнэгшиж дассан минь тэр буй заа.  

 ...Гар эсгэм халуун  
  Наран төөнөнө. 
  Газрын цээжинд миний уулс 
  Цасаан 
  Цацалж 
  Цайвалзан сууна. 
  Тунгалаг Буянт сэрүүнийг 
  Сэргээж 
  Үг үгүүлрүүн долгилно. 
  Түүний дээгүүр салхи 
  Хүрэн алдан 
  Хүрэн алдан 
  Шүүрс алдах нь 
  Сонсогдоно... 

 Бурхнаас гэрэл тасдаж өгсөн аав, ижий, нутаг гурав минь билээ л... 

 М.ОТГОНБАЯР 

Tuesday, November 29, 2011

Фото агшин №3 Амарбаясгалант хийд


Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Сайт /Цагаан толгой/ сангийн аж ахуйн төвөөс баруун хойш үзэсгэлэнт Бүрэнхан уулын өвөрт Ийвэн голыг өгсөх чиглэлд энэ хийд оршино.
Манжийн төрийн бодлогын үүднээс монголчуудын дотор буддын шашны нэгэн урсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэхийн тул Амарбаясгалант хийдийг байгуулсан байна.  
Хийдийн гэрэлт хөшөөний бичигт, "Найралт төвийн тавдугаар онд /1727/ зарилгаар элч гаргаж мөнгө арван түмэн ланг өгч илгээж түүний / өндөр гэгээний/ суусан хүрээний газар /их хүрээ, тэр үед Ийвэн байсан/ их хийд үйлдэж.... тэнгэр тэтгэсний тэргүүн он /1736/-д хийдийг үйлдэн төгссөн... гэжээ. Амарбаясгалант хийдийг тусгайлан судалсан бүтээл бараг үгүй бөгөөд Н.М.Шепетильников, Д.Майдар, Х.Пэрлээ нар өөрсдийн бүтээлд товч байдлаар дурдаж хятад хэв загварын чуулбар хэмээн дүгнэлт өгч байжээ. Уг хийд нь XVIII зууны эхэн үед байгуулагдаж, иж бүрэн цогцолбор байдлаар хадгалагдан үлдсэн уран барилгын чуулбар юм. 



Амарбаясгалант хийдийн цогчин дуган 

Амарбаясгалант хийдийн цогчин дуган нь хааш хаашаа 87 чи ам дөрвөлжин, хоёр давхар барилга юм. Голын дөрвөн баганын өөр хоорондын зайг 12 чи, хоёр дахь эгнээ багана хүртэл 11 чи, түүний дараагийн хоёр эгнээ багануудын хооронд 10,5 чи, гадуур тойрон явах саравчны багана хүртэл 5,25 чи зайг туc бүр төлөвлөжээ. Давхарын өндөрийг 15,75 чи, дээврийн өндрийг 10,5 чи байхаар бодсон байна. Дээврийн хэлбэр нь "тэлүүр нуруу" гэдэг монгол аргаар баригджээ.
Цогчингийн ард нэгтэнхлэг дээр зуу сүм, түүний ард хэрмэн ханаар хашсан лавиран сүм байжээ. Хийд ерөнхийдээ давхар хэрмэн хашаатай бөгөөд дэвсгэр газрыг гурван үе болгон тэгшлэн уул цогцолборыг барьсан байна. Хэрмэн хашааны дотор, гадна талаар хур борооны ус зайлуулах /гидротехник/ бүрдлүүдийг чадмаг хийжээ. Инженерийн шийдлээр Цогчин дуганы дээврийн усыг голын дөрвөн баганы дотуур урсган доод давхрын шалны доогуур гадагшлуулахаар тооцоолж хийжээ.
Эл хийд 207x175 м -ийн хэмжээтэй хэрэм бүхий 40 гаруй сүм дуганатай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм дугана байна. 1944 онд улсын хамгаалалтад авсан Амарбаясгалант хийд бол сүм хийдийг байгаль орчинтой зохицуулж уул ус, ургамал, ой хосолсон үзэсгэлэнт газар сонгон бүтээдэг монгол уламжлалаар барьсан бөгөөд, анхдугаар богд өндөр гэгээн Занабазарт зориулагдсан ариун дагшин шүтээн, монголын түх, соёлын хосгүй нандин дурсгалын нэг юм. 













Thursday, November 3, 2011

Эрээсэн замын энгээр


…Тэр жилийн зун манайх аймгийн төвөөс аав, ээжийн маань төрсөн нутаг Дуут сум руу нүүлээ. Дуут сумаасаа цааш Хөх бэлчир бригадын нутаг Балхуун гэдэг газар зусаж билээ. Халуун наран төөнөсөн аймгийнхаа төвөөс гараад, сэрүүн салхи илбэсэн Алтайн уулсын хормойд ирээд дүү бид хоёр ээжийн оёж өгсөн хөвөнтэй дээлтэй зуныг үдсэн сэн. Аргагүй л дээ дүү Цацрал маань дөнгөж хоёр ойтой, харин би 11 нас­тай байлаа. Уг нь манайх эцэг эхээс наймуулаа, би гурван ахтай, гурван эгчтэй, нэг дүүтэй хүн л дээ. Ах, эгч нар маань тусдаа айл болж гарах нь гараад, хоёр ах хүргэн ах Оожоо хэмээх П.Очирбатынд Маш, Нууртаар зусаж байсан цаг. Гэрт аав, ээж дүү бид дөрөв л голдуу байцгааж нөгөө хэд маань үе үе бөө­нөөрөө аймгаас, су­маас айлч­­­лан ирдэг байж билээ. Нутгийн айлууд заво­дод сүү саалиа тушаагаад Хөх бэлчи­рийн голоо өгсөөд хоёр гур­ваа­раа нийлээд л ван­сэм­бэрүү цэцэг ургасан шиг л хуарагнан бууц­­гаачих­сан. Балхуун ха­виар айлууд цөөн­тэй. Аавыг минь Намс­райн Мөнгөнхүү гэнэ. Нутгийн олон Мөн­гөн даргаа хэмээн хүндэлнэ. Аав маань дөч гаруй жил төрөлх Дуут сум болон, Цэцэг, Эрдэнэбүрэн, Буянт сумдад нэгдлийн дар­гаар ажиллаж ирсэн бөгөөд, тэр үед аймгийн Захын кон­торын даргаар ажиллаж бай­сан билээ. Нагац ах Ж.Төмөр­чулуун аавд нэг номхон хүрэн морь барьж өгснийг нь би орой өглөөд дөхүүлж өгөх ажил­тайн дээр өдөрт нь сур­гуу­лийн зуны даалгавaр болох зурамны арьс өөрөө олчих санаатай, тийн ан гөрөө эр­гүүлэх болой. Балхууны Ам, Хойд, Өмнө салаа гэж байх, тэгээд Балхууны эх, Олон овоот гээд том дүнхийсэн нуруу, цаашаа Өеөт гээд үргэлжилнэ. Балхууны амаар уруудаад, эсвэл Олон овоо­тоор даваад Хөх бэлчирийн гол орох бүлгээ. Ээж маань ойр зуурхан цайны хэдэн үнээтэй, аав маань дүү бид хоёрыг эрхлүүлэх ажилтай л амарсан юм даг уу даа. Хааяа өнөөх хүрэн морио унаад Хөх бэлчирийн голоор ороод ир­нэ, ирэхдээ шимийн рашаан үнэртүүлчихсэн ирнэ. Олон овоотыг даваад нэг цэг шиг юм байснаа тэр нь томрон томорсоор, наашлан наа­шилсаар морьтой хүн болж харагдаад, тэгээд л хүрээд ирдэгсэн хөөрхий аав минь. Дүү бид хоёр аавыг явсан хойгуур, ирэхийг нь хүлээн Олон овоотыг хараачлан байдаг байлаа. Аав ирээд бүсээ тайлангуут л элдэв төрлийн чихэр, жимс ар, өв­рөөс нь асгаран унадаг сан. Зон олондоо хүндлэгдсэн тэр хүн олон л айлаар ордог биз, охиндоо нэгийг, хүүдээ хоё­рыг хэмээн авсаар өвөр түрий нь тийн дүүрдэг байсан биз ээ. Ирэх болгондоо нэг л дуу дуулна. Морин дээрээ бага зэрэг дайвлан дуулсаар ирнэ. Унтахаасаа өмнө нөгөө дуу­гаа заавал дуулчихаад амардаг сан. 

Сүүмийн сүүмийх алс тэртээ 
Сүргээ хариулж яваа даа 
Баян далайн ус шиг 
Бялхам сэтгэлт аав минь 
Сураг чимээ чагнаад 
Хүүгээ хүлээж суугаа даа… хэмээн их л уянга­луулан, бүр сэтгэл зүрхнээ­сээ дуулдаг нь одоо ч тод санагдана.  Тэр жилээс хойш бараг хорин жил өнгөрчээ. Аавын­хаа дуулдаг байсан энэ дуунд би жил өнгөрөх бүр улам л дурлан татагдсаар…  Зун цаг золгон ирэх бүр дүү бид хоёр аавын хоёр талаас зүүгдэн нутгийн ганц нэг айлаар оржээ явсан, тэр зуны зураг сэтгэлд тодрон тодрох нь хачирхалтай.  Аав минь төрсөн нутаг усаа, үр хүүхдээ хооронд нь танилцуулж явсан нь тэр ажээ. Гэхдээ аав энэ талаар тэр үед дурсаагүй санаг­дана. Эсвэл би балчир байсан бо­лоод мартаад өнгөрсөн юм болов уу.

Олон овоотын эхний
Судар мэт үүлсийг 
Орж гарах ижий минь 
Шүлэг шиг уншихад
Балхууны эхэнд нуугдсан 
Балчир хэнз нас минь 
Бялзуухайн жиргэх дуу мэт 
Зүрхнээс цацарнам… 
Хойтон хойтон хорвоо 
Хоног хоногхон хүүтэй 
Холын тэр хадан 
Хонгор хүүгийн дуутай… 

II 

Харлаг манан үүлтэй  
Харвалцах одод ойрхноос 
Хачин гоё гэрэлтэн ирээд 
Хажууханд торр...хийн унаад 
Тэр дуу чихний минь сонссон 
Хамгийн тэнгэрлэг дуу мэт сэтгэхэд 
Сарлагийн сүрэг сүг зураг мэт 
Судаг даган идэшлэхэд 
Салхитай хамт хийсэн одсон  
Эрт багын бодлууд минь 
Сая л нэг юм хөвөрсөөр 
Эзэндээ эргэж ирэв... 
           Хавар цаг сан. Манайх аавын төрсөн бууц орших Маш, Нууртын голоор нутаг­лаж байв. Аав минь өвгөдийн араас тэнгэрт одоод зургаан хаврыг үзсэн байлаа. Ээж дүү бид гурав Оожоогийнхтой айл. Миний бага ах Гансүх цэрэгт явсан. Нэг бодлын би ээж дүү хоёрыгоо хандаж байсан юм шиг, нөгөө бодлын ээж маань дүү бид хоёрыг хүн болгох гэж зүдэрч явсан шиг санагдана, тэр үе. Ээжийг маань Бадамын Нямаа гэнэ. Нутгийн олон Нямаа адиа хэмээн хүндэтгэнэ. Зарим нь бүр ээжээ хэмээн өөриймсөн дуудах. Маш, Нууртын гол гэдэг маань өндөр Алтайн уулсын хоёр салаа бөгөөд олон уул, нуруудын шил өндөрлөг газар билээ. Хөх бэлчирийн гол маань далайн түвшнээс дээш 2500 метрт оршдог юм бол, Машийн гол түүнээс дээш лавтайяа 3000 гаруй метрийн өндөрт орших тийм нутаг бөлгөө.  Тэнгэр тулсан тэр уулсын оронд хачин дулаахан хавар болдог билээ.  Хэц өндөр асгаар хойлог шувуу хослон донгодоод, сэв сэв салхи үлээж сэвс сэвс­хэн цас хийсэж бутарч байх...  Нууртын Хэрцийн амны хаваржаанд шөнө гарсан хурга амлачихсан, өглөө нь цатгалан амьтан тонгочин зугатаад л... Энд ч мал төл­лөөд, тэнд ч янгир ишиглээд ёстой л үртэй бүхэн дэлгэрч, үндэстэй бүхэн нахиалдаг байлаа. Хонины ээлж таа­рахад, би гэдэг хүн хурганы уут үүрээд өглөө гарна. Тэр өдөр мал төллөхгүй бол хоёр уут, эсвэл нэг тампуу аргал түүгээд үүрээд ирнэ. Адуу үхрээ нааш нь цааш нь бол­гоно. Ээж их л баярладаг байж билээ. Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэгчийн үлгэрээр л тэр буюу. Үүнээс ч илүү сургууль амраад Нуур­тад ирэхдээ би ээжийгээ онцгой их баярлуулсан би­лээ. Сургуулийн хичээл тарс­ны дараа Маш, Нуурт руу явах унаа олддоггүй, суманд нэг хоёр хоног унаа хайж өнжсөн санагдана. Дунд ах Ганбат маань тэр үед суман­даа ажиллаж байсан сан. Ингээд би хаврын нэг өглөө сумын төвөөс ээж, дүү хоёр руугаа шийдмэгхэн гараад алхчихлаа.  Өглөөний нарнаар Худаг булгаар даваад, Гэрмүүдийн амаар уруудаад, Хөх хавцал ороод, Хөх хавцлын гол гат­лаад Харлаг хад, Битүүтийн ам өнгөрөөд Хэрцийн амаар өгсөөд хэцүү бэрх Эрээсэн замыг арай ядан даваад Эм­гэл­житээр дайраад Нууртын аманд ирэхэд, оройн наран жаргаж байж билээ. Жар орчим бээрийн энэ аялалдаа, замдаа таарсан нэг ч айлаар ороогүй юм даа тэгэ­хэд...Уулын сүүдэр нөмрөн юу, юугүй харанхуй нөмрө­хийн өмнөхөн би гэрийнхээ барааг харж билээ. Гэртээ ирэхэд ээж маань тун ч их баярлаад, дүү минь ч хөл нь газар хүрэхгүй байж дээ, одоо санахад. Ингэж л бид гурав тэр хавар золгосон сон. Ээж минь яагаад тэгж их баяр­ласныг нь би тэр үед асуу­гаагүй өнгөрсөн дөө. Тэрнээс хойш одоо болтол ээжийгээ тэгтэл нь их баярлуулсан билүү би, эс мэднэ. Тэгж явах­­даа замдаа байсан нут­гийн айлаар ороогүй өнгөрлөө гэж хожмоо зэм хүртэж билээ.   Тэр хавраас хойш хэ­дийнэ арван хэдэн жил өнгөр­чээ. Цаг хугацаа гэдэг дур­сам­жийн хуудсанд л, өнгөр­сөн амьдрал болон тодордог ажээ. Дурсан санах бүр тэнд одоо ч хавраараа буй мэт... 

...Эгэл жирийн бор үдэш 
Нутгийн уулсын нөмөрт 
Ижий минь бор гэрийн гадаа 
Үнээ сааж суух 
Тэнд орчлонгийн нэгэн жаргал байна 
Тэнэглэл хэзээ ч хүрэх­гүй ухаарал байна 
Далд совин татсан тайтгарал байна 
Дарс сөгнөж халамгүй омгорхол байна 
Ижий минь үнээ сааж суух 
Ижийдээ би тугал та­таж өгөх 
Энд амьдралын нэгэн утга учир байна 
Эргээд хэзээ ч олдохгүй аз жаргал минь байна...

 III
 ...Хөх давд төрсөн бодол 
Орчлон ертөнцийг бүүвэйлнэ 
Хөх давын өлхөнд хэвтээд 
Орчлон ертөнцийг мартнам 
Энэ л энгэрт унасан бүхний  
Энэлэн шаналанг таашгүй ч  
Ер бусын нэгэн зүйл 
Намайг дуудан дууднам... 
         Ах маань цэргээс халаг­даж ирээд нутгийнхаа бүсгүй­тэй ханилан суугаад Маш, Нуурт, Хөх бэлчирийн голдоо эзэн суусан билээ. Гансүх ахынхаа хуримаа хийсэн тэр намар би хот руу сургуульд ирсэн болой.  Тэгэхэд Хөх бэлчирийн го­лын Хөх давын аманд манай­хан бултаараа нэг цуглаж лус савдаг баястал найр хийсэн сэн. Ах маань тэр цагаас өдий болтол Хөх давын амандаа олон жил нутаглаж байна даа. Хөх даваас уруудаад Хар зааг, Хөндлөн булгаар дай­раад Хөх хавцал руу овооны дэргэдээс өнгийхөд байга­лийн олдошгүй гайхамшигт нэгэн зураг сэтгэлийг баясгаж зүрхийг догдлуулдаг бөлгөө. Өндөр хөх хавцлын ханан хясаа эгц урдаас нарны гэрэл ойлгож гялбуулаад тэдгээр ханан хад нь ямар нэгэн өвлийн том мөнгөлөг гацуур модод үй зайгүй шигүү урга­сан мэт сэтгэгдэл төрүүл­нэ. Хавцлын наанатай уулын түргэн урсгалт гол хөөцөлдөн бууж уруудаад, өвс ургамлын үнэр салхи сэвшээгээр таа­тайяа түгэж голын хойд талд маш том цагаан хад өргөн ширэг үзэгдэнэ. Олон бөөрөг толгодын ар, өврөөр ан амь­тан жигүүртэн шувууд таа­ваа­раа нутагшин амьдрах нь энгүүн. Бас ихсийн газар ариун орон ч тэнд буй. Хөх хавцал руу өнгийн халиалгах энэ овооны дэргэд суугаад зүг бүртээ хандах нь сэтгэлийн тайтгарал эдлүүлэх увидас­тай ч юмсан уу. Марал тө­рөөч, Хар дав, Төргөний дав цаашаа Балинтын хавцал үзэсгэлэн гоо төрхөө гай­хуулан хараа булаан орши­но. Хөх хавцлын эх өөд хүдэн манан суунагтаад, нууцлаг ахуй даллаж, хүрч очихын хүсэлт сэтгэлийг дууд­на. Эндээс хагас өдөрчийн газар морьтой яваад Нуурт, Ма­шийн гол орох бүлгээ. Тэгэх­дээ морио унах газар нь унаад, хөтлөх газар нь бууж хөтлөөд л явна шүү дээ.  Алтайн их уулсыг өгсөн, уруудан аялан явах энэхэн замдаа та асар баян ан гө­рөөс, байгалийн гайхалтай өвөрмөц урлал, тууль хайлах шиг, цуур үлээн хөгжимдөх шиг тийм эгшиглэнт аялгууг алхам тутамдаа мэдэрч өөрөө уусан найрсах нь дам­жиггүй ажаам.   Эцэг дээдсийн минь би­дэнд үлдээсэн энгүй баян энэ нутгийн олон түмэн 

Гурван зүгтээ сантай 
Гурвалжин их л Алтай 
Гурвуулаа хамт суухад 
Жаргал их л Алтай... хэмээн дууланхан жаргаж суудаг билээ.  Гансүх ах маань дээд­сийн энэ л нутагтаа амьдран суудаг болохоор ах дүү бидэн дотроо арай л илүү хүндэтгэл хүлээдэг юм шиг бодогдоно.  Манайх аймагт байхдаа өөрсдийн олон ам бүлээс гадна, энэ ч ах дүү, тэр ч танилын хүүхэд гээд л сур­гуулийн дотуур байр шиг л айл байдаг байж билээ. Байс­хийгээд л нэг машин тэрэгтэй хүмүүс сумаас явна, энэ маань ч өвдөөд, тэр маань ч сургуульд орно гээд манай­хаар ирж бужигнаж бужигнаж явах... Аав, ээж хоёр маань тэр болгоныг тээршааж бу­хим­даж байгаагүй юм. Ээжийн гал тогоо үргэлж л цай хоолоор дүүрэн бялхан дэ­вэрч байдаг сан. Ээж маань одоо ч аймгийн төвдөө суурь­шиж, хөдөөнөөс ирсэн ах дүүгийн хүүхдүүдэд хоол цай юуг нь бэлдэж,тэднийг хичээл номоо давт хэмээн сургаж, орсон гарсан олон түмнээ хүндлэн хайрлаж л суугаа билээ. Аав, ээж хоёр минь нутаг ус, зон олноо хайрлан хүндлэх сэтгэлээр амьд­ралын түүхээ бичиж ирсэн байнам. Энэ түүх үр хүүхэд биднээр нь дамжин цааш үргэлжлэх учиртай...  Алтай нутаг минь, аугаа Монгол минь, Ази тив минь, алтан бөмбөрцөг дэлхий минь амар амгалан орших болтугай.  Урсан гарах баярын ну­лимс шиг тийм тунгалаг аз жаргалыг би энэ л нутгаасаа олсоор байх бөлгөө. 

Сэрүүн асрын цонхоор  
Гэгээн салхи сэвнэ
Сэтгэлийн доторх цэцэг 
Гэрийн зүг дохино 
Урд уулын хаднаас 
Уур манан савсана 
Угаагдсан модны мөчрөөс  
Улаан шувуу ниснэ 
Хамаг амьтны зүрх 
Хаашаа юунд тэмүүлнэ вэ? 
Хайртай Дорнынхоо энгэрт 
Халуун нулимс шиг зогсном би... 

Thursday, August 11, 2011

Намар ба хайрын шүлэг



Нэгэнт зуны жавхлант сарууд улиран одоод намар цаг алгуураар нөмрөн ирлээ дээ. Ээлжлэн зохирох ертөнцийн амраг улиралуудын явдал хүний сэтгэлийг ямагт хөндөн гэгэлзүүлж өөр өөрийн ая дангаа үлдээдэг юуны учир билээ дээ?

Цацаглан сугсрах ногоон хиаг сэрүүн хонгор салхинаа
Цалгилан үелзэх нэлэнхүй хөдөлгөөнөөр далайн давалгааг дүрслээд
Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж
Царцаахайн час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна.
Туниаран харагдагч агаараас алтан гэрэл гялбалзаад
Тунгалаг дэлхийн хувилангуй өнгийг ташуу туяагаар гийгүүлнэ
Туялзан сэнгэнэх сэрүүн урсгал ертөнцийн гаднахыг илбэж
Догшрон донгодох харийн шувууд харихын дууг сонсгоно.
Байгалийн улирлаар хөлжин цогцолсон гоёмсог цэцгийн дэлбээ
Балын шимийг салхинаа хийсгэж шарланги өнгөөр хувилаад
Баясгалант зуны яруу улирал алгуураар урсан өнгөрч
Балчигт намрын нэвтэрмэл усан хагшран шүүрч хөрслөнө.
Цаваглан хөхөрсөн сэмжин үүл мөнгөн хөшиг татахуйяа
Цаламгүй алдсан цэнгэлт зуныг түүний доогуур саравчилна
Цайзлан өнгийх хад уул хувхайрсан мэт харагдан
Цавчих нүдний алс үзүүрт хуурмаг зэрэглээ жирвэлзэнэ...
хэмээн Монгол яруу найргийн гоц нэгэн төлөөлөгч Гомбын Сэр-Од  тэртээ 1937 онд шүлэглэн үлдээжээ бидэнд. Энэ шүлэг Намар нэртэй. Цэл залуугаараа бурхны оронд одсон эл билэгт найрагчийн нэрэмжит шагналыг ирээдүйтэй залуу яруу найрагчдад олгодог уламжлалтай болсон нь ч аргагүй юм. Ер нь манай яруу найргийн сод туурвилуудад яах аргагүй намар цагийн тухай дүрслэгдээд  тэр нь ч сонгодог утгыг үүсгэж үе үеийн уншигч хүмүүний сэтгэлийг соронзон адил татсаар байх талтай олон бодит үзэгдлүүд бий л дээ. Лавтайяа мөнгөн үеийн яруу найргийн шилдэг төлөөлөгчид болох яруу найрагч, СГЗ Г.Аюурзана, яруу найрагч Л. Өлзийтөгс нарын хамтын сонголтоор түүвэрлэгдсэн Монголын сонгомол яруу найраг хэмээх эмхэтгэлд намрын тунамал аястай сонин сайхан шүлгүүд нэжгээд элбэг тохиолддог. Тухайлбал Сайхан хүмүүн нэртэй гайхалтай яруу шүлгийг бичгийн сод хүн Ванчинбалын Гүлранс бичсэн нь:
Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт
Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил,
Үсийн хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад
Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй... гэжээ.
Энэ шүлгийг сайтар ойлгохийг хичээвэл уншигч хүмүүн шүлэгчийн мэдэрч бичсэнчлэн Есөн намар-ын ая данг мэдэрч тунгаах хэрэгтэй болох жишээтэй...
Зун би бээр нэгэн бичвэртээ Арын сайхан хангайн яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн тун гоё шүлгийг намар болохоор та нартаа сонирхуулна гэж хэлсэн амандаа хүрч  одоо бүрнээр нь толилуулж буйдаа нэн баяртай байна.
***
Намрын дунд сар нам гүм өдөр
Навч хөвүүлж замаг зулсан хөх ус,
Намхан гэртээ мэхээр үслэх ээжий,
Наадамд сойдог нимгэн хээр үрээ,
Нааш гэх бүхнээн орхиж замд гарсан би.
Өндрөөс өндөр тэнгэр бас л дуугүй,
Өргөн зам уулсыг ороож одно.
Өвгөдийн чулуу тэртээ энгэрт бөртийж
Өнөө явчих миний нулимсан дунд торолзоно.
Өөрийн гэх бүхнээ орхиж замд гарсан би.
Ханхраас ханхар уулс чимээгүй дүнсгэр,
Хачин өргөн зам бүслэн бас гоёх болж.
Хажууд часхийх царцаа ч үгүй өдөр
Хаа холоос машины дуу горилж
Хайртай бүхнээ орхиж замд гарсан би.
Халуухан дурсамж, хаваржаа намаржаа,
Хамаг бүхнээ орхиж замд гарсан би.
Хамаг бүхнээ орхиж замд гарсаан.
Хамаг бүхнээ тэнд орхисон юм чинь
Хаанаас одоо юугаа олно доо?

Тун тунгалаг өгөгдэхүүн найрсалтай энэ шүлэг, яруу найрагт хайртайн хувьд надад хамгийн эрхэм шүлгүүдийн нэг билээ. Миний мэдэрч буйгаар энэ шүлэг бичигдсэн хэлбэр байдал, дүр дүрслэл, адилтгал зүйрлэл гэхээсээ илт илүүтэйгээр гүн утга санаа, далд гоо зүйн мэдрэмжийн хувьд нэн хэтийдсэн содон бүтээл шиг  санагдаад байдаг юм.
Жил жилийн намар шүлэгч миний сэтгэхүйг бас л нэлээдгүй  хөвсөлзүүлэн олон зүгийн дүр байдлаа зурж өгдөг юм.
Өнөөх сэтгэлийн бороо шиврэхгүй
Энэ намар яасан урт юм бэ?
Өргөн хөндийн цаахантай
Яг зунаараа байгаа даа...
гэж 2005 оны намар цаг өөрийн амьсгалаар сэтгэлд минь бууж үлдээд номын хавтасаа би энэ шүлгээрээ чимсэн билээ. Намар мэт гэгэлгэн урт орон зайнаас үл хамааран тэрүүхэнд зун мэт хүсэмжит цаг хугацаа бийг олж харах гэсэн хүсэл мөрөөдлийн минь ундрага өөдрөгхөн санаархалтай ч энэ шүлэг хамаатай билээ.
Намраар
Үзэгдэх хөх тэнгэр
Үнэнч бус шинжтэй
Үүрэглэх шар нар
Үл мэдэг хүрээтэй,
Намар болоод сэтгэлийн
Аль нь гунигтай юм бэ?
Надад цэг мэт харагдах
Тэр шувуу юу?
Тэнгэр цоолоод орвол
Тэнд хавар байгаа даа
Буцах шувуудын далавч
Бийрлэн дүрслээд одов.
Энэ ч бас өөр нэг намар бичигдсэн шүлэг. 2006 оны намар шиг санагдана.
Намрын хонгор өдрүүдэд найрагч ах нарын бичсэн сайн бүтээлийг та бүхэндээ танилцуулахын хамт бас чиг шүлэг найрагт шимтэн сонирхож буй залуу нөхөддөө зориулан өөрийн бичсэн болон бас дуртай манай нэртэй яруу найрагчдын хайрын сэдэвтэй зарим шүлгийг хүргэж байна. Энэ ч бас залуу нөхдийн маань эрэлт, хүсэлт билээ.
Намар
Намраа гэж намар юм.
Тэр бүсгүйн сэтгэл шиг өвс шаргалтаад
Тэр бүсгүйн үгс шиг навчис хийсээд
Тэр бүсгүйн бодол шиг бороо  ороод
Тэр бүсгүйн болзоо шиг өвөл болохгүй
Намраа гэж тэр бүсгүй шиг намар юм.

***
Сэтгэлийн орон зайд чиний тухай дэлгэрсэн
Сайхан бодлуудыг
Сэрээж амжилгүй бөхөөчих болов уу яадаг бол бүсгүй минь
Сэргэлэн залуу насны шуугиант өдрүүдээс хойш
Сэрүүхэн дурлалын амтаас хэзээ ингэтлээ төсөөрвөө
Хуучирч гомдсон сар жилүүдийн цаанаас өндөлзөх
Хувийн нууцхан эрх чөлөөт дурлал минь
Хайр эсвэл хар болж чадаагүй
Хамгийн энхрий бүсгүйд өгсөн сэтгэл минь
Хаана гээгдээд одоо ингэтлээ бодогдов оо?
Эргэлзээгүй чи гоо бүсгүй юм, гоё хүүхэн юм
Эрт эдүгээгийн дурсамж амилуулсан сонин согоо юм
Чиний тухай би хэнээс ч юу ч сонсохгүй
Чихэнд чинь хайрын тухай шивнэж бас чадахгүй
Гэхдээ надад бардам нэгэн хүсэл байна.
Хээн... хоёулаа сар луу хамт явах уу?
            ***
Бүдгэрэн тодрогч он жилүүдийг бэлэглэмээр
Бүсгүй чи, шүлгэнд минь тавтай морил,
Хайрын нүдтэй дэвүүр сормосоо өргөөч
Харах бүрт чинь шүлгэнд минь шад нэмэгдээсэй.
Ийм сайхан харцыг шүлэг болгож үзье
Ийм сайхан харцыг дуу болгож үзье
Ийм сайхан харцыг зүрхэндээ тогтоож аваад
Тийм сайхан он жилүүдийг үдэхсэн...
Жаалхан бүсгүй маш сайхан харцтай
Жаргал дандаа тогтмоор гүн тунгалагхан
Жаалхан бүсгүй, бүсгүй гэнэн аальтай
Жавартай өдөр гэнэт наран тусах адил...
Тодрон бүдгэрэх он жилүүдийг надад өгмөөр
Тунгалаг нүдэн минь чи сэтгэлд минь тавтай морил
Үзэсгэлэн гоо сайхан бүхнийг чинь бодоод
Үнэн амьдрал, үлгэр домгийг түр хойш нь тавъя...

Хан Хэнтийн яруу найрагч Төрийн соёрхолт Нямбуугийн Нямдоржийн ихэд алдаршсан хоёр шүлгийг танд хүргэе. Эдгээр шүлгүүд нь Монголын уудам нутагт нэгэн үеийн залуусын сэтгэл зүрхийг эзэмдэж, дурсгалын дэвтрээс дурсгалын дэвтэрт бичигдэн гэрэлтсээр байдаг байсан нь саяхан мэт санагдана. Мөн хайрын сонгомол шүлэг болохынхоо хувьд яруу найрагчийн бидэнд үлдээсэн үнэт өв юм.
                ***
Онцын хөөрхөн хүүхэн гэдэг
Зүрхний их хулгайч юм
Олон эрсийг шаналгах
Сэтгэлийн тулааны талбар юм.
Энгүй сайхан түүнд
Зуун зүрх тэмүүлж
Эцэс хойно нь болоход
Ерэн ес нь шархална.

                ***
Нүдний чинь сайханд нэгэн үе согтож
Нүсэр их мөрөөдлийн охийг түр дарнам.
Уруулын чинь сайханд нэгэн үе согтож
Уйтай хүнд сэтгэлийн гунигийг түр мартнам
Амьсгалын чинь сайханд нэгэн үе согтож
Ариун энэ орчлонд амь орох шиг болном.

Хайрын тухай манай найрагчдын туурвисан олон олон гайхалтай шүлгүүд бий. Танил анд  сэтгүүлч бүсгүй О. Мөнхнарангийн түүвэрлэсэн  Хайрын шүлгүүд нэртэй нэгэн эмхэтгэл энэ онд гарсан байна лээ. Тэр ном манай яруу найрагчдын төдийгүй дэлхийн олон алдартай зохиолчдын хайрын шүлгүүдээс бүрдсэн байсан. Цаашид ч бас үргэлжлэн гарах юм гэсэн, та сонирхон уншаарай л даа...

munkhnaran.blogspot.com
 

Бичсэн огноо - 2009/09/16



Tuesday, July 5, 2011

Сумын наадам



Хэзээний сайхан бороо ороод л нэг, шиврээд л нэг байсан даа, хэнз цэцгийн дэлбээ хэдvй завандаа ч юм урган сугсраад найган ганхах дээрээ…

Газрын уудамаар дуниартан хvр хvр татаад ганган зун цагийн амьсгал хаа сайгvй тvгнэ. Танил хэдэн бяцхан болжморын ангаахай арай томроод жавьж нь шар туяа ороод юу юугvй дэгдээхэй болох тєлєвтэй…

Хєдєє нутгаар хvн малын зоо тэнийгээд сайхан энэ зуны улирлыг улам гайхам болохыг хvлээгээд тааваараа жаргалтай амар амгалан аж тєрцгєєн буй.

Хаа сайгvй тvрэлхэн єндєлзєгч євс цэцгийн шим шvvс тєгс бvрдэхийн мєн vед Монгол газрын цэнгэлийн манлай эрийн гурван наадмын сураг ажиг энд тэндээс цухалзсаар…

Туурга тусгаар Монголын тєрийн их баяр цэнгэл Наадмын тухай сэдэв бол манай орны уран зохиолын нэн сонирхолтой сэдвvvдийн нэг юм. Тэр дундаа сумын наадмын тухай олон зохиолч уран бvтээлээ туурвисан нь яахын аргагvй зон олны маань таашаалд зvй ёсоор нийцэж сэтгэлийнх нь торгон утсыг ямагт хєндєсєєр байдаг билээ.

Тэнгэрийн орноо заларсан домогт яруу найрагч бичгийн их хvмvvн Дэндэвийн Пvрэвдоржийн нэгэн алдартай шvлгийг та бvхэндээ бvрнээр нь толилуулья.

Тэнгэрлэг агаад энгийн сайхан энэ найрагчийн Монгол хvмvvн бидэнд хийгээд дэлхийн соёлт хvн тєрєлхтєнд vлдээсэн уран бvтээлийн гайхалтай євvvдийнх нь зєвхєн нэг нь энэ бvтээл юм. Энэ шvлэгт олон хєгжмийн зохиолч аялгуу тааруулсан байдгийг энд бас дурьдсуу…

Сумын наадам
Суусрын гvйдэл салхи шанхаар наадан сэвэлзснээс
Суурь хєлгєн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг єдєржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан єнгийн цэцэг ургаа юу.
Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугараг цагаан царайгаар наран дороос мишээв vv
Дулаан амьсгалд асаалгvй бас л дахин зовоохоор
Дун цагаан шvдээр наадамч дундаас инээв vv.
Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хvний vртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хvнээс далдуур уулзуулав уу.
Хvсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хvvхэн ялдам хонгорын ангир цээжийг тvшvvлэв vv
Хvний хvнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хvрэн шандан тэрлэгний суман хормой шvргvvлэв vv.
Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зvрхний балыг шимvvлэв vv
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зvvлгэв vv.
Борви нугалах хэвтэргvй борхон туулай хєєрхий
Бохирон жиргэх мєчиргvй болжмор шувуу хєєрхий
Болъё гээд болохгvй богинохон заяа хєєрхий
Больё гээд болихгvй борхон зvрх минь хєєрхий.
Суусрын гvйдэл салхи шанхаар наадан сэвэлзснээс
Суурь хєлгєн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг єдєржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан єнгийн цэцэг ургаа юу.


Эл бvтээлээ найрагч 1963 онд туурвижээ. Миний уужим эх орны дєрвєн зvг найман зовхист буй бvхий л сумын наадам жилийн жилд болдгоороо болно. Сумын наадмын чимэг дундаас суран жолоо атгасан єнгийн цэцэг ургадгаараа ургасаар…

Он цагийг гаталж шvр сувдан vгээр хэлхсэн, шvлгэн эрхи улам ч тодорсоор…

Бороо ороод л, ороод л байх нь сайхан. Бороо орох тусам, тэр тусмаа наадам сайхан болдог. Бага цагт сан…

Ах маань сумын наадамд сойхоор морьдоо барина. Морь барих гэж бєєн ажил болдог сон. Манай адуу догшин гэж жигтэйхэн.

Манайх хэдийгээр аймгийн тєвийн айл боловч, євгєдийн vлдээсэн хэдэн мал хєдєє суманд байх… Бид зуны амралтаараа тэдгээр буянт сvргийг адгуулан их л сайхан єнгєрvvлдэг байлаа. Бvр дээр цагт аав минь сэрvvн ахуйдаа сумын наадамд єєрєє барилдан тvрvvлдэг, хурдан морины уралдаанд уясан морь нь тvрvvлдэг байсан тухай євгєд одоо ч хуучилсаар… Аавын минь нутаг хошуундаа алдартай сумандаа 11 жил тvрvvлж айрагдсан хурдан цагаан морины тухай Монголын гуурст морины домог хэмээх номонд нэгэн гоё єгvvлэл бичигдсэн байдаг юм.

Ах морьдоо бариад уяж сойх ажлыг нь дvv бид хоёр ахын заавраар хичээнгvйлэн гvйцэтгэнэ.

Манай сумын тєв Монгол улсын хамгийн єндєр цэгт оршдог сумын тєв билээ. Монгол Алтайн нурууг дамнан, нvvдэллэн амьдарцгаадаг гэсэн vг л дээ Ховд аймгийн Дуут сумынхан.

Ууланд євс тачирхан ургана. Сєл шимийн хувьд гойд. Манайхны хурдан хvлгийн уяа сойлго ч бусад газраас єєр…

Нутгийн уяачид хурдан морьдоо адгуулан єндєр уулын євстэй єлхєн газраар голдуу арав гаран хоног хоноглоцгооно. Єлхєн гэдэг нь хунгар их цас тогтдог тэр нь хавар хайлаад шигvv борог євс ургадаг тийм газар билээ.Хєх давын дээд єлхєнд дан майханд хоноод єглєє эрт сойсон морьдоо авахаар дєхєхєд хамар хоолойн гуурсаа тачигнуулан байдаг сан, манай адуу.

Бага дєрвєн насанд манай морьд баараггvй тvрvvлж айрагдана. Дvv Б.Нэргүй маань бvх насны морьд унаж уралдана. Нээгий дvvгийн унасан бvх морьд айрагдаж тvрvvлдэг сэн…Уяач ах нар манай дvvгээр морио унуулахын тvмэн хvслэн болдог сон…

Уясан эзэн, унасан хvvхэд, хурсан олноо уйлуулдаг Монгол наадмаа гэж…

Сумын наадмын тухай яриа дараа жилийн сумын наадам болтол vргэлжилнэ. Наадмаас наадмын хооронд наадмын тухай ярьцгаан аж тєрдєг хєдєє суманд нэг л тийм жаргалтай хєг аялгуу эгшиглэн байх мэт санагддаг юм. Зон олны минь цэнгэл єєдлєн дэвжихийн хvсэл тэмvvлэл хийгээд Монголын тєрт ёсны уламжлалт баяр наадам нь тэр жилийнхээ єнгийг тодорхойлж байдаг нь учиртай…

Жил болгон улсын баяр наадам дєхєєд ирэхээр сумын наадамд оролцож явсан, сумын наадам болж єнгєрсєн тэрхvv жилvvдийг би дурсан санагалздаг юм.

Унасан газар, угаасан ус хийгээд сайн сайхан дурсамж бvрээ тээн хадгалсаар он жилvvдийг бид vддэг сэн бус уу…

Энэ шvлгийг би ноднингийн улсын наадмын ємнєх єдрvvдэд, сумын наадмын тухай дурсан санах vедээ бичсэн сэн. Yvгээрээ ч энэ шvлэг сумын наадамтай холбогдоно.


Та таалан соёрхож ажаамуу…
Хєх давд тєрсєн бодол
Орчлон ертєнцийг бvvвэйлнэ
Хєх давын єлхєнд хэвтээд
Орчлон ертєнцийг мартнам
Зуур зуурхан мєрєєдлєє
Хад хаданд тараагаад
Зуны шєнє орь ганцаар
Салхи залгилан, залгилнам
Шир.. шир чимээ
Шинэ.. шинэ уянга мэт
Сойсон морьдын зvгээс
Шувуу дэрхийн ниснэ…
Yрээ мэт онгодыг
Бугуйлдан барьж тогтоогоод
Yг бvрээн цэгцлэх гэдэг
Юутай ч жишимгvй жаргал байнам
Энэ л энгэрт унасан бvхний
Энэлэн шаналанг таашгvй ч
Ер бусын нэгэн зvйл
Намайг дуудан дууднам…
Хаяанд ирсэн наадмын зvг
Хєх бэлчирийн гол шєнєжин шогшино
Хачин гvн сансарлаг буйдад
Хажууханд шир… шир…

Єндєр уулсын орны тэгш єндєрлєг газруудыг дамнан орших уралдааны замаар хурдан хvлэг морин янцгаан давхиж ирдэг сэн…

Хурсан олон наадамчидын дундаас сэтгэл уяруу уяач сааралтсан хоолойгоор гийнгоолох нь сонсогддог сон…

Итгэлт хvлэг нь эзнийхээ дууг сонсоод цуцсан хєл нь чангарч улам улам хvчээ шавхсаар барианд тvрvvлэн орж ирдэг сэн…

Унасан золбоотой хvvхэд нь морин дэл дээр асаасан хийморийн дарцаг мэт бадарсаар нисэн нисэн хvрч ирдэг сэн…

Хол саахалтын зайтай ирлээ гэх зэргээр тvмэн зvйлийн хєг авиагаар шаагин шуугин хэлэлцэхэд нь сансар огторгуйгаас хэн нэгэн ирэх шиг сонихон агаад гайхам хєєр баярт автдаг сан…