Айл хотлоороо аз жаргал цэнгэлтэй сайхан битүүрч, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Жаргал жаргалын дээдийг тандаа билэгдье
Жаргалтай жаран жарныг угтах болтугай
Ерөөл ерөөлийн дээдийг тандаа өргөе
Ертөнц дүүрэн хүсэл тань биелэх болтугай
Цацаглан сугсрах ногоон хиаг сэрүүн хонгор салхинаа Цалгилан үелзэх нэлэнхүй хөдөлгөөнөөр далайн давалгааг дүрслээд Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж Царцаахайн час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна. Туниаран харагдагч агаараас алтан гэрэл гялбалзаад Тунгалаг дэлхийн хувилангуй өнгийг ташуу туяагаар гийгүүлнэ Туялзан сэнгэнэх сэрүүн урсгал ертөнцийн гаднахыг илбэж Догшрон донгодох харийн шувууд харихын дууг сонсгоно. Байгалийн улирлаар хөлжин цогцолсон гоёмсог цэцгийн дэлбээ Балын шимийг салхинаа хийсгэж шарланги өнгөөр хувилаад Баясгалант зуны яруу улирал алгуураар урсан өнгөрч Балчигт намрын нэвтэрмэл усан хагшран шүүрч хөрслөнө. Цаваглан хөхөрсөн сэмжин үүл мөнгөн хөшиг татахуйяа Цаламгүй алдсан цэнгэлт зуныг түүний доогуур саравчилна Цайзлан өнгийх хад уул хувхайрсан мэт харагдан Цавчих нүдний алс үзүүрт хуурмаг зэрэглээ жирвэлзэнэ... |
Намрын дунд сар нам гүм өдөр Навч хөвүүлж замаг зулсан хөх ус, Намхан гэртээ мэхээр үслэх ээжий, Наадамд сойдог нимгэн хээр үрээ, Нааш гэх бүхнээн орхиж замд гарсан би. Өндрөөс өндөр тэнгэр бас л дуугүй, Өргөн зам уулсыг ороож одно. Өвгөдийн чулуу тэртээ энгэрт бөртийж Өнөө явчих миний нулимсан дунд торолзоно. Өөрийн гэх бүхнээ орхиж замд гарсан би. Ханхраас ханхар уулс чимээгүй дүнсгэр, Хачин өргөн зам бүслэн бас гоёх болж. Хажууд часхийх царцаа ч үгүй өдөр Хаа холоос машины дуу горилж Хайртай бүхнээ орхиж замд гарсан би. Халуухан дурсамж, хаваржаа намаржаа, Хамаг бүхнээ орхиж замд гарсан би. Хамаг бүхнээ орхиж замд гарсаан. Хамаг бүхнээ тэнд орхисон юм чинь Хаанаас одоо юугаа олно доо? |
Намар Намраа гэж намар юм. Тэр бүсгүйн сэтгэл шиг өвс шаргалтаад Тэр бүсгүйн үгс шиг навчис хийсээд Тэр бүсгүйн бодол шиг бороо ороод Тэр бүсгүйн болзоо шиг өвөл болохгүй Намраа гэж тэр бүсгүй шиг намар юм. *** Сэтгэлийн орон зайд чиний тухай дэлгэрсэн Сайхан бодлуудыг Сэрээж амжилгүй бөхөөчих болов уу яадаг бол бүсгүй минь Сэргэлэн залуу насны шуугиант өдрүүдээс хойш Сэрүүхэн дурлалын амтаас хэзээ ингэтлээ төсөөрвөө Хуучирч гомдсон сар жилүүдийн цаанаас өндөлзөх Хувийн нууцхан эрх чөлөөт дурлал минь Хайр эсвэл хар болж чадаагүй Хамгийн энхрий бүсгүйд өгсөн сэтгэл минь Хаана гээгдээд одоо ингэтлээ бодогдов оо? Эргэлзээгүй чи гоо бүсгүй юм, гоё хүүхэн юм Эрт эдүгээгийн дурсамж амилуулсан сонин согоо юм Чиний тухай би хэнээс ч юу ч сонсохгүй Чихэнд чинь хайрын тухай шивнэж бас чадахгүй Гэхдээ надад бардам нэгэн хүсэл байна. Хээн... хоёулаа сар луу хамт явах уу? *** Бүдгэрэн тодрогч он жилүүдийг бэлэглэмээр Бүсгүй чи, шүлгэнд минь тавтай морил, Хайрын нүдтэй дэвүүр сормосоо өргөөч Харах бүрт чинь шүлгэнд минь шад нэмэгдээсэй. Ийм сайхан харцыг шүлэг болгож үзье Ийм сайхан харцыг дуу болгож үзье Ийм сайхан харцыг зүрхэндээ тогтоож аваад Тийм сайхан он жилүүдийг үдэхсэн... Жаалхан бүсгүй маш сайхан харцтай Жаргал дандаа тогтмоор гүн тунгалагхан Жаалхан бүсгүй, бүсгүй гэнэн аальтай Жавартай өдөр гэнэт наран тусах адил... Тодрон бүдгэрэх он жилүүдийг надад өгмөөр Тунгалаг нүдэн минь чи сэтгэлд минь тавтай морил Үзэсгэлэн гоо сайхан бүхнийг чинь бодоод Үнэн амьдрал, үлгэр домгийг түр хойш нь тавъя... |
*** Онцын хөөрхөн хүүхэн гэдэг Зүрхний их хулгайч юм Олон эрсийг шаналгах Сэтгэлийн тулааны талбар юм. Энгүй сайхан түүнд Зуун зүрх тэмүүлж Эцэс хойно нь болоход Ерэн ес нь шархална. *** Нүдний чинь сайханд нэгэн үе согтож Нүсэр их мөрөөдлийн охийг түр дарнам. Уруулын чинь сайханд нэгэн үе согтож Уйтай хүнд сэтгэлийн гунигийг түр мартнам Амьсгалын чинь сайханд нэгэн үе согтож Ариун энэ орчлонд амь орох шиг болном. |